Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо буурчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-01-12 17:23:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3606.9 мянган толгой малыг тооллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Тодруулбал, адуу 236695, үхэр 224980, тэмээ 8110, хонь 1798955, ямаа 1338176 тус тус тоолуулжээ. Нийт малын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 243.0 мянган толгой малаар буюу 6.3 хувиар буурсан байна.

Малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл, хонь 152.0 мянга буюу 7.8 хувиар, ямаа 80.4 мянга, адуу 7.0 мянга, үхэр 3.7 мянган толгойгоор тус тус буурчээ. Харин тэмээ 0.09 мянгаар өссөн байна. Малын тоогоор Алдархаан сум 282.9 мянган толгой, Их-Уул сум 249.1 мянган толгой, Эрдэнэхайрхан сум 213.4 мянган толгой малаар тус тус тэргүүллээ. Мянгат малчин өрх 511 тоологдсон нь өнгөрсөн оноос 131 өрхөөр буурсан байна. Энэ жилийн малын тооны бууралтын шалтгаан нь зах зээлд борлуулсан малын тоо өнгөрсөн жилээс 236.0-аар илүү, бойжуулсан төлийн тоо 140.0- аар бага байгаатай холбоотой юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдол хоёр дахин илүү зэрэг байдлууд нөлөөлжээ” гэв.  


Аймгийн хэмжээнд 534 худаг, усан сан байна

-“Завхан аймагт 2020 оны жилийн эцсээр 9349 малчин өрх, 4415 мал бүхий өрхийн мал тооллогод хамрагдлаа.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад малчин өрх 428-аар өссөн байна. Харин мал бүхий өрх 56-аар буурчээ. 16202 малчин байгааг насны бүлгээр авч үзвэл, 15-34 насны 4129, 35-59 насны 9835 малчин байна. Харин 60-аас дээш насны 2238 малчин байна. Нийт малчдын 56.1 хувь буюу 9098 нь эрэгтэй, 43.9 хувь буюу 7099 нь эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд отроор 405 өрх өвөлжиж байгаагийн 255 өрх нь аймаг дотроо, 150 өрх гаднын аймагт өвөлжиж байна. Харин аймгийн хэмжээнд 2020 онд нийт 534 худаг, усан сан тоологдсон. Аймгийн тухайд мал аж ахуйн салбарын усан хангамжийн хүрэлцээ сайн” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ