Аймгийн удирдлагууд сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-12 10:24:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн удирдлагууд болон Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн албан хаагчдын баг бүрэлдэхүүн гурван чиглэлд хуваагдан энэ өдрүүдэд сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байна.


Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатаар ахлуулсан ажлын баг 1 дүгээр сарын 11-нд Цээл суманд ажиллаж, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан онцлох ажлууд болох “Сумын шинэчлэл-хөдөөгийн хөгжил”, “Газар тариалан, жимс жимсгэнэ”, “Аялал жуулчлал”, “Боловсролын чанарыг сайжруулах” зэрэг томоохон төсөл арга хэмжээг танилцуулсан юм. Түүнчлэн Цээл сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдал, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцжээ. Мөн үеэр Монгол Улсын Засгийн газраас олгосон “Малчдад хүргэх тэжээлийн тусламж”-ыг Цээл сумын удирдлагуудад хүлээлгэн өгчээ. 

Сумын шинэчлэл, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд тус суманд хэрэгжих 120 хүртэлх айлын орон сууцны газрын байршлыг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар дээр нь үзэж танилцсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ