Оюутан цэрэгт хамрагдагсад онолын хичээлээ дуусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-03 15:10:44

Ховд их сургуульд энэ оны 4 сарын 1-нээс 6 сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаатай Зэвсэгт хүчний 123-р ангийн багш нар цэргийн онолын бэлтгэл хичээл заалаа.

Нийт 196  цагийн хичээл зааж, цэргийн онол мэргэжлийн бэлтгэл хичээлийн шалгалтад тэнцсэн 150 гаруй оюутан эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна.

Эдгээр оюутнууд Ховд, Увс, Говь-Алтай, Дархан, Улаанбаатараас ирж Ховд их сургуульд суралцах хугацаандаа оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан суралцаж  байгаа юм.

Тэд эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэний дараа  энэ оны 6 сарын 15-наас 8 сарын 15 хүртэл Зэвсэгт хүчний 123 –р ангийн Мэргэжлийн сургалтын төв дээр цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад  хамрагдах юм.

Их дээд сургуульд суралцаж байх хугацаандаа Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан  цэргийн онол, мэргэжлийн бэлтгэлд амжилттай суралцсан оюутнууд төгсөөд  ирэх намар Тангараг өргөх ёслол хийж, Цэргийн алба хаасанд тооцогдох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутан цэрэг хөтөлбөр их дээд сургуулийн оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн эрчимжсэн тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоо бүрдүүлэх зорилготой юм.

 А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ