Биткоин: Ханш хаана хүрээд буцаж унах вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-01-07 21:21:49

Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 38 мянган доллароос давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Өнгөрсөн оны 3 дугаар сард буюу цар тахлын улмаас дэлхийн биржүүдэд доргилт үүсч, нефтийн үнэ навс унаад байсан тэр үед биткоины ханш 5200 доллар байсан бол шинэ оны эхний өдрүүдийн арилжааны дараа 7 дахин өсчихөөд байгаа нь олон нийтийг төдийгүй зах зээлийн туршлагатай шинжээчдийг хүртэл гайхшруулж байна.


Дэлхийн голлох валютуудын ханш байнга л хэлбэлзэж байдаг, харин биткоины ханштай адил 9-10-хан сарын дотор ингэж огцом өсөж байсан тохиолдол түүхэнд үгүй.


Ханшийг хөөрөгдсөн үндсэн шалтгаанууд


Цахим мөнгөний ханш ийнхүү гэрлийн хурдаар цойлсон шалтгааныг шинжээчид хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.


Юуны түрүүнд, хөрөнгө оруулагчид биткоиныг их хэмжээгээр худалдан авч байгаа нь ханш огцом савлахад хүргэлээ. Өөрөөр хэлбэл, томоохон тоглогчид биткоины зах зээлд хүч түрэн орж иржээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын Skybridge Capital сан гэхэд 12 дугаар сард 25 сая ам.доллар, MassMutual сан 100 сая ам.доллар, Guggenheim Investments сан 500 сая ам.долларыг биткоин худалдан авахад зарцуулаад байна. 27 тэрбум ам.долларын активтай Британийн хөрөнгө оруулалтын Ruffer сан хөрөнгөнийхөө 2,5 хувиар биткоин худалдан авсан нь дэлхийн голлох валютуудын ханшийн уналтаас үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ аж.  Түүнээс гадна, Сингапурын хамгийн том банк болох DBS криптовалют арилжаалах биржийг нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Италийн нэгэн банк криптовалютын хадгаламжийн үйлчилгээ үзүүлж эхэлснээ зарласан бөгөөд үйлчлүүлэгчид 10 сая хүртэлх ам.долларын үнэ бүхий биткоины хадгаламж нээж болох аж. JP Morgan ч мөн ийм үйлчилгээ нээж байгаа бололтой.


Энэ мэтчилэнгээр хувь хүмүүс төдийгүй томоохон хөрөнгө оруулалтын сангууд, том компаниуд, банкууд цахим валютад олон тэрбумаар нь хөрөнгө оруулсаар байгаа учраас биткоин нь алтны дараа орох хамгаалалтын актив болж хувирсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.


Биткоин руу бүгдээрээ хошуурах болсны гол учир нь, цар тахлын улмаас зогсонги байдалд орсон эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан болон бусад улсын Төв банкууд их хэмжээний мөнгийг зах зээлд гаргасантай холбоотой. Америкийн Төв банк доллар хэвлэн гаргаж, хөрөнгийн биржүүдээс облигацийг асар ихээр худалдан авсан нь долларын ханшийг унагасан тул хөрөнгө оруулагчид Засгийн газрын өрийн бичигт оруулсан мөнгөө суллаж, дахиад л алт, цахим валютыг сонирхож эхэлжээ. Ерөнхийд нь дүгнэвэл, биткоины ханшийн огцом өсөлт бол коронавирусний цар тахлын шууд нөлөөлөл, тусгал бөгөөд хөрөнгө оруулагчид хуримтлуулсан мөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд тараан байршуулсан хэрэг.


Нөгөөтэйгүүр, биткоиноор төлбөр хийж болох бараа үйлчилгээний нэр төрөл олширсон, цахим валютын сүлжээг дэмжин ажиллаж буй майнеруудад /олборлогчид/ олгох урамшуулал багассан, түүнчлэн 2020 оны 5 дугаар сард биткоины халвинг болсон зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлснийг биткоины наймаачид хэлж байна. Халвинг гэдэг нь 1 блок дахь биткоин олборлолтын хэмжээ 2 дахин багасахыг хэлдэг. Ер нь бол халвингаас хойш 1 жил эсвэл 1 жил хагасын дараачаас ханшийн огцом өсөлт эсвэл огцом уналт болдог гэж биткоины зах зээлд оролцогчид ярьж байна.  


Тодруулбал, Төвбанкууд хүссэн үедээ мөнгө хэвлэдэг бол биткоины нөөц хязгаартай. Нийт 21 сая биткоин гаргахаар программчлагдсан бөгөөд өнөөдөр ихэнх нь эргэлтэнд оржээ. Одоо үлдсэн цөөн биткоиныг олборлоход улам хүндрэлтэй болсон учраас ханш нь цаашид зогсолтгүй өссөөр 50 мянга, 100 мянган ам.долларт хүрч магадгүй гэж зарим шинжээч таамаглаж байна. Тэр ч бүү хэл, дээр дурдагдсан Guggenheim Investments хөрөнгө оруулалтын сангийн захирал Скотт Майнерд-ын үзэж байгаагаар, биткоин нь бодит ханшаасаа хэт доогуур үнэлэгдэж байгаа бөгөөд цаашдаа ханш нь 400 мянган ам.долларт хүрэхийг үгүйсгэсэнгүй.  Ерөнхийд нь ажиглавал, биткоиныг их хэмжээгээр худалдан авсан хөрөнгө оруулагчдын хандлага өөдрөг байгааг эдийн засаг, санхүүгийн мэдээллийн  Business Insider цахим хуудсанд тодорхойлон бичжээ. Хөрөнгө оруулагчид Зул сарын баярын мэндчилгээг дууриан “Happy Bitmas” хэмээн бие биендээ баярын мэнд хүргэж, урьд хожид үзэгдээгүйгээр сэтгэл хангалуун байгаа нь илт харагдаж, ханш 30 мянгаас давсныг тэд “Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн итгэлтэйгээр хэлж байна.


Өнөөдрийн байдлаар, биткоины зах зээлийн нийт үнэлгээ нь 350 тэрбум ам.долларт хүрчээ. Харьцуулваас, алтны хувьд эл үзүүлэлт 10 их наяд ам.доллар байдаг. Цаашдаа биткоиныг нөөцийн валют болгох гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх аваас дээрх үнэлгээ 2021 онд 1 их наяд ам.долларт хүрнэ гэж Blockchain.com сайтын судлаач Гаррик Хилман таамаглажээ. Морган Стэнли-гийн шинжээчдийн үзэж байгаагаар, биткоин нь долларыг аажмаар шахаж, нөөцийн валют гэдэг статусаас нь салгаж мэдэхээр байгаа гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам биткоины гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж, “буруу гараар” оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг хийдэг цахим валют байснаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгсэл болоход ойртсон нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхлэв бололтой. Ямар ч хүчирхэг улс орон, ямар ч нөлөө бүхий олон улсын байгууллага нь биткоиныг удирдан хянаж чадахгүй учраас түүнд албан ёсны баригдмал ханш гэж байдаггүйгээс гадна арилжааны нууцлал маш өндөр, дэлхийн аль ч улс орон руу шилжүүлэг хийхэд маш бага шимтгэл төлдөг, төвлөрсөн бус системтэй зэрэг давуу талууд нь биткоины эрэлтийг эрс нэмэгдүүлж байна.  


Эцэст нь ханш өсөхөд нөлөөлсөн байж магадгүй нэгэн тохиолдлыг дурдая. Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Хууль зүйн яам “Silk Road” гэдэг нууц сүлжээг /даркнет/ үүсгэн байгуулагч Росс Ульбрихтийн дансанд байсан 69 мянган биткоиныг /1 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэх/ хураан битүүмжилжээ. Энэ шийдвэрийн улмаас биткоины нийлүүлэлт тодорхой хэмжээгээр тасалдах вий гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлол нь үнэ өсөхөд нөлөөлөв бололтой.


Ханш огцом унах магадлал


Гэвч огцом цойлсон ханш навс унаж байсан гашуун түүх бий. Эргэн сануулахад, 2017 оны хоёрдугаар хагаст дэлхий даяараа криптовалютын халууралд автаж, 7-12 дугаар сарын хооронд биткоины ханш бараг 10 дахин өсөж, 20 мянган ам.долларт хүрч байсан билээ. Гэвч удалгүй 2018 онд ханш шууд 80 хувиар унаж, 3-4 мянган ам.долларын хооронд эргэлдэх болсон. Тухайн үед дэлхий даяар биткоины арилжааг хатуу хянаж эхэлсэн, цахим валютын биржүүд хакеруудын халдлагад байнга өртөх болсноос гадна томоохон хөрөнгө оруулагчид криптовалютад оруулсан мөнгөө гэнэт татаж, бодитой, баталгаатай валютад оруулах болсон зэрэг нь огцом уналтын шалтгаан байлаа.  

Үүнтэй яг адилаар ханшийн огцом уналт ойрын үед болж магадгүй. Учир нь, ямар ч активаар баталгаажаагүй биткоин нь санхүүгийн хөөс үүсгэж, улмаар тэр нь хагарах магадлал маш өндөр. Түүнээс гадна, хэд хэдэн төрлийн вакцин зэрэг гарснаар коронавирусний цар тахлын хүрээ хумигдаж, улс орнуудын эдийн засгийн байдал сайжрах төлөв харагдаж байгаа учраас хөрөнгө оруулагчид криптовалютад оруулсан мөнгөө бөөнөөр нь татаж эхэлнэ. Үүний сацуу зарим улсад биткоин олборлохыг хуулиар хориглож, эрүүгийн хариуцлагад татдаг нь одоог хүртэл хэвээр байгааг дурдах нь зүйтэй.


Б.Адъяахүү  

 





Холбоотой мэдээ