Иран ураны баяжуулалтаа 20 хувьд хүргэжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-05 10:45:40

ТЕХРАН. /Fars/. Иран ураны баяжуулалтаа 20 хувь хүргэсэн гэж тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Али Рабии даваа гарагт мэдээлжээ.


"Хэдхэн минутын өмнө Фордо цогцолборт 20 хувь хүртэл баяжуулсан уран үйлдвэрлэх үйл явц эхэллээ" гэж тэрбээр хэлсэн байна.


Уран баяжуулах түвшнийг 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа Ираны эрх баригчид өмнө нь МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлагт мэдэгджээ.


Одоогийн байдлаар тус улс ураныг 4.5 хувь хүртэл баяжуулж байгаа бөгөөд энэ нь 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх олон улсын гэрээнд заасан түвшнээс давсан хэмжээ юм. Уг гэрээнд заасны дагуу 3.67 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Уран баяжуулах түвшнийг нэмэгдүүлэх шийдвэрийг Ираны эрх баригчид АНУ гэрээнээс дангаар гарсны дараа гаргасан байна.


Ираны энэхүү шийдвэр нь цэргийн цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байгааг харуулж байна гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Израил улс Иранд цөмийн зэвсэг бүтээх боломжийг олгохгүй гэж тэрбээр мэдэгджээ.


Европын Холбоо энэ мэдээллийг анхааралдаа авч, дараагийн алхмуудаа тодорхойлохын тулд МАГАТЭ-гийн шийдвэрийг хүлээж байна гэж тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд комиссар Жозеп Борреллийн албан ёсны төлөөлөгч Петер Стано мэдэгдсэн байна. "Хэрэв энэ мэдэгдэл хэрэгжвэл Ираны эрх баригчид үнэхээр амлалтаа биелүүлэхгүй байна гэсэн үг юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхтэй холбоотой нөхцөл байдалд ноцтой уршиг дагуулна" гэж тэрбээр тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ