Д.Эрдэнэбаатар: Архангай аймагт коронавирус тархах үеийн эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийхэд эрсдэл өндөртэй гэж гарсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-05 12:00:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комиссын дэд дарга, Шуурхай штабын болон Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатартай коронавирусний цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар ярилцлаа.  


-Коронавируст халдвартай манай улс хэрхэн тэмцэж байгаа үйл ажиллагааны талаар тоймлоно уу?

-Монгол Улсын хэмжээнд урд ба хойд хөршүүдэд халдвар гарсантай холбоотойгоор Гамшгаас хамгаалах хуульд зааснаар 2020 оны 1-р сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд, хилээ хааж, дотоодын иргэдийн хөдөлгөөн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд, бүх төрлийн баяр наадмын үйл ажиллагааг хориглосон. Тухайлбал, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр гэх мэт баярыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг улс орон даяар уриалан дагаж мөрдөж ажилласан. Дэлхийн нийтэд ч мөн ийм хориг тавьж, Токиогийн зуны олимпыг ч хойшлуулсан.

Коронавирусийг ДЭМБ-аас цар тахал хэмээн зарласнаас хойш маш богино хугацаанд дэлгэрч, олон хүн өвчилж, эдийн засаг нийгэмд хохирол учруулан, хүний амь эрсдсээр байна. Монгол Улсын хувьд дэлхийн бусад орны нөхцөл байдалтай уялдуулан шуурхай арга хэмжээ авч ажилласаар 10 сарын хугацаанд дотооддоо халдвар алдаагүй байсан ба гадаадад гацсан иргэдээ тусгай нислэг үйлдэж, татан авалтуудыг хийж байсан. 

-Дотоодын халдвар гарснаас хойш ямар арга хэмжээг авч ажилласан талаар?

-2020 оны 11-р сарын 6-ны өдөр тээврийн машины жолооч иргэн Д-ээс коронавирусний халдвар батлагдаж, дотоодын анхны халдвар болсон. Дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгаас хамгаалах 3-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажилласан.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын гурван зэрэг байдаг. 1-р зэрэг нь өдөр тутмын бэлэн байдал, 2-р зэрэг нь өндөржүүлсэн бэлэн байдал, 3-р зэрэг нь бүх нийтийн бэлэн байдал юм.

Манай улс гадаадын улс оронд халдвар гарснаас хойш 1, 2-р зэрэгт ажиллаж байсан.

Улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Засаг даргын захирамж гарч сумаас болон аймгийн төвөөс гарах, орох бүх хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн хүнсний үйлчилгээ эрхэлдэг худалдааны газраас бусад бүх худалдаа үйлчилгээний газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа болон зөвшөөрөгдсөн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг хориглосон.

-Хөл хорио тогтоох нь ямар ач холбогдолтой вэ?

Хөл хорио тогтоохын тулд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Олон хүн төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг үзвэр үйлчилгээний газар, хурал цуглаан, баяр наадам зэрэг үйл ажиллагааг зогсоосон. Мөн хот, орон нутаг, аймаг сумаас гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байна. Коронавирусний тархан дэлгэрэх онцлог шинж чанараас шалтгаалан ийм арга хэмжээ авч байна. Амьсгалын замаар болон ахуйн хавьтлаар халддаг мөн шинж тэмдэг илрэхгүй удаан хугацаанд /21 хоног/ халдвар авсан хүн тараах боломжтой. Ийм учраас дэлхийн олон оронд хөл хорио тогтоож, халдварыг олон хүнд халдаахгүй байх, тархалтыг бага хэмжээнд нь тогтоон барих, тоо, хохирлыг бууруулах зорилгоор хийж байна.

-Улсын хэмжээнд төмөр зам дагуу газруудад гарч байсан бол манай аймагт тохиолдол бүртгэгдсэн. Энэ дагуу ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

2020 оны 11-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг иргэн Архангай аймгийн Батцэнгэл суманд байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн тандалтын албанаас ирүүлсэн. Энэ мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Шуурхай хариу арга хэмжээний багийг Батцэнгэл суманд яаралтай томилон ажиллуулсан. Тухайн иргэний гэр сумын төвөөс зүүн хойш 30км-т байрлаж байсан ба газар дээр нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэнээс эерэг хариу гарсан. Тэдгээр сорьцыг болон ойрын 9 иргэнээс мөн сорьц авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн явуулахад 2 тохиолдол батлагдсан.

Ингээд Сэлэнгэ аймагт ажиллаж байсан ЗӨСҮТ-ийн автолабораторийг Батцэнгэл суманд татаж, ойрын хавьтлын PCR шинжилгээг газар дээр нь түргэн шуурхай шинжлэх боломж бүрдсэн. Энэ автолабораторид ойрын хавьтлын 3000 гаруй иргэнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрч, Архангай аймагт батлагдсан тохиолдол 3 болсон.

Эдгээр 3 иргэнийг Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт зөөвөрлөн эмчилсэн. Өнөөдрийн байдлаар эдгэрээд ирсэн, гэрийн хяналтад байна. Батцэнгэл сумын нийт иргэдэд PCR шинжилгээ хийсэн.

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 3 иргэн Ихтамир суманд, 2 иргэн Өгийннуур суманд байрлаж байна гэсэн мэдээллийн дагуу шуурхай хариу арга хэмжээний багийг томилж, эдгээр иргэдийг тусгай байранд тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Ингээд батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудад 2-3 удаагийн давтамжтай PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар Архангай аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй, 35 хонож байна. Халдварын голомтгүй эрүүл бүс болж байна. Иймээс Батцэнгэл суманд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, аймгийн хэмжээгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс 19 удаа хуралдаж, аймгийн Засаг даргын захирамж 18 удаа гарч, холбогдох шийдвэрүүдийг гаргасан.

-Манай аймагт тохиолдол батлагдсанаас хойш аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд хэр зэрэг хөрөнгө зарцуулагдаж байгаа вэ?

Архангай аймгийн хэмжээнд батлагдсан гурван л тохиолдлын хариу арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө зардал өндөр байгаа юм. Үүнд: хөл хорио тогтоох, хяналтын пост гаргахад шаардагдах хоол хүнс, бензин, түлээ түлш, тусгаарлах байр бэлтгэх, тусгаарлалтад байгаа иргэдийн хоол хүнс гээд үйл ажиллагааны зардлууд гарч байна. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс манай аймгийн үйл ажиллагааны зардалд 80,0 сая төгрөг мөн Засаг даргын нөөц сангаас төсвийг шийдвэрлүүлж эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл үйл ажиллагааны зардал, сумдад гарсан зардал гээд нийт 438,8 сая төгрөг зарцуулсан байна. Эрүүл мэндийн салбараас гарсан хамгаалах хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээ, амьсгалын аппарат болон бусад тоног төхөөрөмжийг шийдэх зардал нийт 1,5 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлүүлж зарцуулсан байна. Аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгч зэрэг иргэдийн орлого хомсдож алдагдал хүлээж байгаа, нийгэм эдийн засагт үзүүлж байгаа хохирол их байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

-Одоо бол өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацаанд хэчнээн албан хаагч ажиллаж байв?

-Аймгийн хэмжээнд нийт 60 гаруй хяналтын пост эргүүл, аймгийн төвд 8 хяналтын пост ажиллаж, эдгээрт давхардсан тоогоор төрийн болон мэргэжлийн байгууллагын 1700 гаруй алба хаагч, 120 гаруй техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэсэн.

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хотод саатсан аймгийн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан. Нийтийн тээврийн 60 гаруй хэрэгсэл, 500 гаруй хувийн тээврийн хэрэгслээр 7000 орчим иргэнээ татан авч, гэрийн тусгаарлалтад ажигласан. Өнөөдрийн байдлаар 6000 орчим иргэний тусгаарлалтын хугацаа дуусч, 1000 орчим иргэний тусгаарлалтын хугацаа дуусаагүй байна.

Мөн Улаанбаатар, Дархан, Орхон аймагт сурдаг оюутнуудаа татан авсан. Голомтын бүсээс ирсэн иргэд тусгай журмаар зохицуулагдсан 14 хоногийн хугацаатай гэрийн ажиглалтад байх шаардлагыг тавьж ажиллаж байна.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ямар ч хүн халдвар авах боломжтой, олон нийтийн газраар халдвартай хүн явж байгааг мэдэх боломжгүй. Иймд хүн бүр халдвараас хамгаалах дэглэм журмыг мөрдлөг болгож, өөрийн хэвшил болгох хэрэгтэй, халдвартай хүнтэй 10-15 минут 1 метрээс дотогш зайд ярьсан, ойр байсан тохиолдолд халдвар авна. Мөн энэ вирусээр халдварлагдсан хүн их хүрдэг эд материал гадаргууд /хаалганы бариул, шатны бариул, ширээ сандал, дэлгүүрт байгаа бүтээгдэхүүний гадаргуу, хувцас, хүний үс, бохир гараар дамжин ам хамарт/ хүрсэн тохиолдолд халдвар авах боломжтой. Иймд онцын шаардлагагүй бол хөл хорионы дэглэмийг сахиж гэртээ байх, халдвар гарсан орон нутаг руу явахгүй байх, зайлшгүй шаардлагаар олон нийтийн газраар явах тохиолдолд амны хаалт заавал зүүх, олон нийтийн газар дэлгүүр, худалдааны газар хүн хоорондын зай барих зэрэг дэглэмийг мөрдөх шаардлагатай байна.

-Хөл хорионы дэглэм зөрчсөн үед ямар хариуцлага ногдуулах вэ?

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үед хариу арга хэмжээ авч, мөрдөж ажиллах талаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, УОК , аймгийн Засаг даргын захирамж гээд олон эрх зүйн баримт бичиг гарч мөрдөж байна. УИХ-аас ковидын үед мөрдөж ажиллах нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тусгай хууль гаргасан. Энэ хуулинд иргэд амны хаалт заавал зүүх, зай барих, эрх бүхий байгууллагаас гаргасан хориглолт хязгаарлалтыг заавал мөрдөх тухай заасан мөн дүрэм журам мөрдөөгүйгээс үүссэн хохирол, гарсан зардлыг иргэн хүн хариуцахаар заасан. Гамшгаас хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуульд иргэд, байгууллага, аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ авах, эдгээр дүрэм журам хөл хорионы дэглэм зөрчсөний улмаас хүн амд халдвар тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байгаа.

-Хатуу хөл хориог цуцалж, бэлэн байдлын зэрэг бууруулснаас хойш иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ байдлыг хэрхэн дүгнэж, ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Улс, аймгийн онцгой комиссоос нөхцөл байдалд нийцүүлэн нийгэм, эдийн засгийн шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Үүний цаана иргэдийн ухамсар хамгийн чухал. Хатуу хөл хориог цуцалсан ч дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа учраас урьдчилан сэргийлэхэд хүн бүр илүү өндөр сэрэмжтэй байх учиртай.

Коронавирус нь сүүлийн үед дахин өөр онцлогтой болж, шинж тэмдэг илрэхгүй, бусдад халдвар тараах чадвар нь өндөр, мөн мутацид орж хувирах гэх зэрэг тархах чанар хурдан өөрчлөгдөж байгаа мэдээлэл байна. Энэ вирусний хор хөнөөл аюултай хэвээр байна. 

Дотоодын халдвар нэмэгдэх тусам үйл ажиллагааны зардал өсч, иргэд, айл өрх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд улам л хүндрэл учирна. Үүнээс үүдэлтэйгээр нийгэмд сөрөг нөлөө ихэмч, эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлтэй юм.

Урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол дэлхий нийтээр хөл хорио тогтоох гэж үзэж байна. Дэлхий дахинд өвчлөл буурахгүй байна. Мөн манай улсад ч нэмэгдэх хандлагатай байна. Хүмүүсийн бөөгнөрөл, хайрхамжгүй байдал халдвар гарахад нөлөө үзүүлнэ. Энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэй байгаа учраас вирус зөөвөрлөгдөж орж ирэх магадлал их байна. Хөл хориог сулруулснаас болж ямар үр дагавар гарч байгааг дэлхийн бусад улс орон, тэр дундаа АНУ, Итали, Франц зэрэг улсуудын жишээнээс харж болох юм.

Монгол Улсын хэмжээнд эрсдэл өндөр хэвээр байна. Архангай аймгийн хэмжээнд коронавирус тархах үеийн эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийхэд эрсдэл өндөртэй гэж гарсан.

Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, өвчлөл гарч байгаа орон нутаг руу зорчихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, олон нийтийн газарт 1,5-2м зай барих зэрэг энгийн дүрмийг хэвшүүлэх хэрэгтэй.

 


Холбоотой мэдээ