“Pfizer” Африкт вакцинаа өндөр үнээр санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-04 10:28:23

ПРЕТОРИЯ. /Bloomberg/. “Pfizer”, “BioNTech” компаниуд эмнэлгийн ажилтнуудад зориулж Африкийн орнуудад коронавирусний 50 сая тун вакцин нийлүүлэхийг санал болгожээ.  


Вакциныг гуравдугаар сараас оны эцэс хүртэлх хугацаанд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд харьцангуй өндөр үнээр нийлүүлэх саналыг тавиад байгаа аж.


Африкийн холбоо “Johnson & Johnson”, “Pfizer” зэрэг вакцины хэд хэдэн нийлүүлэгчтэй одоогоор яриа хэлэлцээ хийж байгаа аж. Африкийн орнуудад үргэлжлэн дэгдсээр буй цар тахлыг зогсоохын тулд шаардагдах коронавирусний вакциныг худалдан авахад хамгийн багадаа 9 тэрбум ам.доллар яаралтай хэрэгтэй байгаа тухай Африкийн экспорт-импортын банк өмнө нь мэдэгдсэн байна.


Африкийн дийлэнх орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/ болон тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлтэй /CEPI/ хамтран нэвтрүүлсэн “COVAX” механизмд нэгджээ. Энэхүү механизм нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, вакцин худалдан авахад зориулагдсан хөтөлбөр юм. Өндөр орлоготой орнууд вакцины зардлыг даах замаар хөгжиж буй орнуудын вакцин олж авах нөхцөлийг хялбар болгохыг хөтөлбөрийн нөхцөлд тусгажээ. Гэсэн ч “COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ ондоо Африкийн хүн амын 20 хүрэхгүй хувийг л дархлаажуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна. 

Холбоотой мэдээ