Д.Бауыржан: Ажилдаа ахиц гаргаж чадаагүй хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-25 19:58:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах болон цаг үеийн бусад асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай ярилцлаа.


Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 хоногийн нөөцтэй

- Манай улсад "Ковид-19 цар тахал дотооддоо халдварлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

- Намайг аймгийн Засаг даргаар томилогдсон өдрөөс Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласан. Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтыг нээхтэй холбоотой болон бүх суманд цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлуудыг зохион байгууллаа. Цагааннуур боомт сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт гарагийн зохицуулалттай ажиллаж, баруун бүсийн хэрэгцээг хангах нефтийн бүтээгдэхүүнийг оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 4 мянга гаруй тонн дизель түлш, бензин, ахуйн газ импортоллоо. Жолооч нарыг тухайн өдөртөө багтаан гаргах арга хэмжээ авч байна. Өдөрт 14-20 машин нэвтрүүлдэг. Боомтод аюулгүйн бүсүүдийг тогтоосон. Тэнд нийтдээ 60 гаруй хүн, талбай дээр 22 хүн хуваарьт өдрүүдэд ажилладаг. Бямба гарагт ажил дууссаны дараа бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 7 хоног амрааж байна. Ажил ерөнхийдөө жигдэрсэн.

Харин 2021 онд ямар журмаар ажиллахыг Улсын Онцгой комисс шийдэх байх. Дөрвөн ажлын баг томилж, бүх сумын бэлэн байдлыг шалгасан. Өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд яаж зөөвөрлөх, зөөвөрлөх боломжгүй тохиолдолд эмнэлгээ яаж бэлдэх, ойрын хавьтлуудыг хэрхэн тусгаарлах, шинжилгээний дээж яаж авах, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллах вэ гээд бүх талын бэлэн байдлыг хангасан.

Энэ сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 6037 иргэн ирсэн. Үүнээс 3904 иргэн 14 хоногийн гэрийн ажиглалтаа дуусгаад, сүүлийн шинжилгээгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан байгаа. Аймгийн Авто тээврийн төвийн байрны 50 хувийг дотоодын зорчигчдоос шинжилгээ авдаг байр болгон зохион байгуулсан. Гэхдээ голомтын бүсээс өдөр бүр хүмүүс ирж байна. Урд шөнө гэхэд 16 хүн ирснээс гурав нь огт шинжилгээгүй ороод ирсэн. Тухайн 3 хүнийг тусгаарлаад, PCR шинжилгээ хийхээр Ховд аймаг руу сорьц явуулсан байгаа. 

Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад тодорхой хэмжээний зардал гарч байгаа байх. Үүнийг хэрхэн зохицуулж байна?

- Засаг даргын нөөц хөрөнгө дууссан. Өнгөрсөн жил тарваган тахал гарсан, түүний өмнөх жил үер буусан, энэ жил цар тахал гээд санхүүгийн байдал амаргүй байгаа. Жил дамнасан өр, зээлүүд байна. Нөөц боломжоороо хууль журам, Сангийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өргүй гарах талаар ажиллаж байгаа. PCR шинжилгээний аппарат авахад 600 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүнийг Засгийн газраас шийдэж өгөхөөр болж байна. Сумд болон аймгийн төв, Нэгдсэн эмнэлгийн бэлэн байдлыг хангах, онцгой байдлын үеийн нөөц бүрдүүлэхэд 300 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүнээс ард иргэд, төрийн алба хаагчид, аж ахуйн нэгжүүдийн хандиваар тал хувийг нь зохицуулаад явж байна.

Гэхдээ Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн нөөцийг гамшгийн үеийн бэлдэх ёстой түвшинд хүргэж чадахгүй байна. Саяхан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ирж ажилласан. Тэдний өгсөн үүргийн дагуу шинээр барьсан 50 ортой Хүүхдийн эмнэлгийг цар тахлын бэлэн байдлыг хангах зорилгоор ашиглалтад авсан. Үүнийг ашиглая гэхэд тоног төхөөрөмж, ор хөнжил байхгүй байгаа. Өнөөдөр Баян-Өлгий аймагт 320 орчим хүн цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Үүнээс 250 хүн гол талбар дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн илүү цагийн мөнгө, урамшууллын асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Жишээлбэл, Зоонозын өвчин судлалын төвийн ажилчид өнгөрсөн оны тарваган тахлаас эхлээд 2 жил орчим тасралтгүй ажиллаж байна. Тухайн үед ч урамшууллыг нь өгөөгүй. Зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчид биш, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, авто тээврийн төвийн ажилчид ч өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ мэт тулгамдсан олон асуудал байгаа.

Эдгээр алба хаагчдын урамшуулал ирэх оны төсөвт суусан уу?

- Суугаагүй. Гэхдээ 2021 оны төсөвтэй холбогдуулан баталсан хууль тогтоомжийн хүрээнд аймагтаа 100 гаруй сая төгрөгөөр Гамшгийн сан байгуулсан.

УОК-оос Баян-Өлгий аймагт PCR шинжилгээний аппарат өгнө гэж мэдэгдсэн. Хэзээ ирэх вэ?

- Энэ долоо хоногт багтааж өгөх шийдвэр гарсан. Тус шинжилгээний аппаратаар ажиллах 3 эмчийг бэлдсэн. Түүнээс гадна сүүлийн 7 хоногт бүх эмч нарыг лаборантын түвшинд ажиллах, шинжилгээ авахаар сургаж байгаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын болон сургууль,  цэцэрлэгийн бүх эмч нарыг хамруулсан.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц хэр байгаа вэ?

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан жишиг байдаг. Тус жишгээр тооцоход өвчлөл гарлаа гэхэд ашиглах 15 хоногийн нөөцтэй байна.


Хүний хөгжил, шударга ёc, эв нэгдэлд онцгой анхаарна

Аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаанаар Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Бүрэн эрхийн хугацаанд аймгийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж, ямар бодлого баримтлах вэ?

- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичгүүдийг батлахын тулд Үндэсний хөгжлийн газартай ярилцаж, ард иргэд, сумдын удирдлагууд, хурлын төлөөлөгчдөөс санал авсан. Нийтдээ 28 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг 21 хоног ажиллаж, 8 бүлэг, 111 зорилт, 288 хүрэх түвшинтэй үндсэн чиглэлийг баталлаа. Үүнтэй уялдуулан Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Энэ хүрээнд хүний хөгжил, шударга ёс, эв нэгдэл гээд бодлогын гурван том асуудал дэвшүүлж байна. Өнөөдөр Монгол Улс даяар хүний хөгжлийг нэгдүгээрт тавьж байгаа. Тийм учраас төрийн бодлоготой ажлаа уялдуулж байна. Хоёрдугаарт, шударга ёсны асуудал байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны асуудлыг хөндөж, их ажил эхэлсэн. Үүнийг бид Баян-Өлгий аймагт үргэлжлүүлнэ. Гуравдугаар том зорилго маань эв нэгдэл байгаа. Баян-Өлгий аймагт үндэстний цөөнх казах түмэн, ястны цөөнх урианхай, дөрвөд, тува түмэн амьдардаг. Эдгээр иргэдийн эв нэгдлийг сахиж ажиллах ёстой. 

Түүнээс гадна боловсролын салбарт ахиц гаргая гэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд зоригтой, дорвитой ажлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард иргэд, Боловсрол, соёлын газар, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран аймгийн 38 мянган хүүхдийн боловсролын түвшинг урагшлуулах болно.  

Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байна. Байгалийн тогтоц, амьдралын хэв маягаас шалтгаалан манай аймагт зүрх, судасны өвчин их байна. Маш олон иргэн Улаанбаатар хот, Ховд аймагт очиж оношоо тодруулж, эмчлүүлж байна. Өнгөрсөн 4 жилд бид тус аймагт 2 том эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтад орчихлоо. Одоо 100 ортой Нэгдсэн эмнэлэг  ашиглалтад орвол материаллаг бааз нь ерөнхийдөө бэхжинэ. Цаашид Баян-Өлгий аймгийн эмч нарыг дурангийн хагалгаа болон ямар ч шинжилгээг орон нутагт хийх бүрэн боломжтой болгох асуудлыг тусгаж байна.

Гуравдугаарт, хотын хөгжлийн асуудал байгаа. Өлгий хотод аймгийн хүн амын 40 орчим хувь нь амьдарч байна. Найман мянган өрх амьдарч, 10-аад сургууль, 20 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Хотын өнгө үзэмж, наад зах нь замын тэмдэг, тэмдэглэгээ, зогсоолоос эхлээд хийх юм их байна. Аймгийн төвд өмнө нь 20 хатуу хучилттай зам байсан бол, өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүдтэй хамтарч ажилласны үр дүнд 43 км замтай болсон. Үүнийг цааш нь стандартын дагуу улам өргөжүүлэхийг зорьж байна.


Залуучуудыг томоохон үйлдвэр, гадаад орнуудад

хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

Ажилгүйдлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэе гэж бодож байна?

- Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын хэмжээнд хамгийн олон ажилгүй иргэдтэй аймаг. Хүн амын тоогоор эхний байруудад ордог.  Жилд 2-3 мянган хүүхэд шинээр төрдөг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 20 гаруй мянган залуу ажилгүй байна. Дипломоо өвөртөлсөн 9 мянган залуу гэртээ сууж байна. Бараг айл болгонд нэг ажилгүй иргэн байна гэж хэлж болно. Эдгээр залуучуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрүүдэд болон гадаадын орнуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах асуудлыг хөндөнө.  

Манай аймгийн хөгжлийн нэг гарц бол аялал жуулчлал. Баян-Өлгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгох санаачилгыг би өмнө нь гаргаж байсан. Алтай Таван богдын наад талын зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, хогийн цэг, ариун цэврийн байгууламж, ресторан, зоогийн газрын үйлчилгээг сайжруулах ажлыг хувийн хэвшил хийдэг ч бид бодлогоор дэмжиж, шийдүүлэх ёстой. Түүнээс гадна дэлхийд алдартай Бүргэдийн баяр, мөн шинээр аялал жуулчлалын үйл ажиллагаа болгох гэж байгаа Алтайн нүүдэлчдийн баяр байна. Дараагийн нэг гарц бол Асгатын мөнгөний орд. Өнгөрсөн 4 жилд ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газар өөртөө авсан. Тус орд ашиглалтад орчихвол дор хаяж 2-3 мянган хүн ажлын байртай болно.

Жижиг дунд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ?

- Сум болгонд арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ярьж байна. Үүнийг сумын оролцоогоор дэмжихийг бүх сумын Засаг дарга нарт үүрэг болгосон. Манай аймагт зуны цагт сүү хямд байдаг ч өнөөдөр 3 мянган төгрөгт хүрээд байна. Тийм учраас сумдад хөргүүрийн систем бий болгох хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, тасралтгүй түүхий эдээр хангах агент байгуулж, бодлогоор дэмжинэ. Өнөөдөр хөдөөгийн 27 багийн төв өндөр хүчдэлийн шугамд холбогдсон. Тэнд зуны цагт сүүг зориулалтын савд хурааж хадгалаад, нийлүүлэлт багассан үед зах зээлийн үнээс хямд зарах, Засгийн газрын "Сүү" хөтөлбөрийн хүрээнд малчдад урамшуулал олгох асуудлыг ажил болгох бодлого баримтална.


Ард түмэндээ улс төр хийхгүй

Таны "шударга ёс тогтооно" гэдэг амлалт ард иргэдийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэж байна. Баян-Өлгий аймагт шударга ёс тогтоохын тулд ямар бодит ажлууд хийх вэ?

- Аймгийн Засаг даргаар томилогдсоны орой миний хувийн фэйсбүүк хуудас, аймгийн ЗДТГ-ын пэйж хуудсаар ард иргэдийн дунд санал асуулга явуулсан. Үүнд мянга гаруй сэтгэгдэл ирсэн. Иргэдийн санал хүсэлтийг агуулгаараа ангилж дүн шинжилгээ хийсэн байгаа. Тэгэхэд ард иргэд эхний ээлжинд боловсролын чанарыг сайжруулах санал гаргасан. Хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, ашиг сонирхол, дөрөвдүгээрт, тендерийн ил тод байдлын асуудал яригдсан. Эдгээр асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байна.

Төрийн алба ашиг сонирхлоос ангид байхын тулд би өөрөө ашиг сонирхлоос ангид байх хатуу зарчим баримтална. Би улс төрч хүн. Гэхдээ ард түмэндээ улс төр хийхгүй. Улс төрчид надад ажил хийх боломж олговол би хамтарч ажиллана. Боломж олгохгүй, фэйсбүүкээр буудаад, асуудал үүсгээд байвал би ч  улс төржинө гэдгийг улс төрчдөд сануулж байгаа. Аймгийн хэмжээнд улс төрийн албан тушаалтнуудын тоо маш цөөн. Эдгээр хүмүүстэй би өөрөөр харьцана. Бусад төрийн албан хаагчдаа дэмжинэ. Төрийн албанд үнэхээр удаан жил суугаад, үр дүн гаргаагүй хүмүүст, "Танд үе үеийн дарга нар боломж олгосон. Байгаа байрнаасаа хөдөлсөнгүй. Тийм учраас дараагийн хүнд боломж олго. Энэ бол ёс зүй, эр зориг бөгөөд ард түмэн, төрөө хүндэлсэн хүндлэл болно" гэдгийг хэлж байгаа.

Үнэхээр ажилдаа ахиц гаргаж чадахгүй байгаа хүмүүс ухамсраараа хойшоо нэг харж, "Би өнгөрсөн хугацаанд юу хийв? Ард түмний амьдралд, эрүүл мэндэд, хүүхдүүдийн боловсролд яаж нөлөөлөв" гэдэгт өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт хийх цаг болсон. Бодож тунгаагаад, үнэхээр боломжгүй байвал ажил хийх дараагийн хүнд боломж олго. Би асуудалд намын үзэл бодлоор хандахгүй. Дээрх мянган хүний саналд дурдагдсан боловсрол, эрүүл мэндийн салбарынханд үүнийг хэлээд байгаа. Томилсон сумын Засаг дарга нарт бас нэг зүйлийг захисан. Жишээлбэл, аль нэг хүн сумын Засаг даргаар томилогдлоо гэхэд түүний төрсөн дүү сумын нэг байгууллагын дарга нь байж болохгүй. Хэрвээ тийм байвал дүүгээ чөлөөлөөрэй гэдгийг сануулж байгаа. Суманд зургаахан байгууллага байдаг. Түүний хоёр нь нэг гэр бүлийн гарт байх нь ёс зүйн талаас байж боломжгүй зүйл.

Өмнөх түүхээс харахад хурлын төлөөлөгчид Засаг даргад чөлөөтэй ажил хийх боломж олгодоггүй байдал ажиглагддаг байсан.  Таны хувьд үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ хэрэгжүүлэх боломж хэр байна?

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Эрх зүйн орчин ямар болохыг харна. Дарга хүн бол менежер байх ёстой. Аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгч ард түмэндээ бас амлалт өгсөн байгаа. Тэр талаас Засаг даргын хувьд тэднийг дэмжиж, боломж олгоно. Намын бүлгийн хувьд ярилцана. Зарим юман дээр шилэн байна гэдгийг журмын нөхдөдөө хэлж байгаа. Мерит зарчим байх ёстой. Төлөөлөгчдийн дунд 5 удаа, 3 удаа, анх удаа сонгогдсон хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг бас ангилж ярилцах ёстой. Хурлын бүх төлөөлөгчтэй нэг бүрчлэн ярилцаад, эв зүйгээ ололцоод, улс төржихгүйгээр аймгийн 108 мянган ард түмний сайн сайхны төлөө нэг зүг рүү харж зүтгэе гэсэн асуудлыг ярьж байна. Би үнэхээр хууль зөрчиж байвал та нар надтай ярь. Бүхэл бүтэн ЗДТГ, хэлтсүүд байна, би ч хууль зөрчихгүйгээр ажлыг урагшлуулъя. Төлөөлөгчид ч миний ажлыг дүгнэж цэгнэдэг цаг ирнэ. 

Одоо манай аймагт өвөлжилт ямар байна?

- Өвөлжилт хүндрээгүй, гайгүй байна. Алтай, Улаанхус, Цэнгэл, Булган, Дэлүүн зэрэг Алтайн уулсыг дагасан 5 суманд хүндрэх магадлалтай. Талын сумдад гайгүй, гэхдээ хараар зудрах шинжтэй. Хамгийн хүндэрсэн сум бол Булган. Тус сумын 64 мянган толгой мал Ховд аймгийн 2 суманд, 10 мянган толгой мал Дэлүүн сумын нутагт отроор өвөлжиж байна. Бусад суманд отор нүүдэл байхгүй. Мал тооллогын ажил ид явагдаж байгаа. Аймгийн хэмжээнд 2,3 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг "Ковид-19" цар тахлын хүндрэлээс шалтгаалан чадлынхаа хэмжээгээр 84 хувиар бүрдүүлсэн. Малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэл 96 хувьтай хангагдсан. Өнөөдрийн байдлаар 110 тонн тэжээл, 400-гаад тонн өвсний нөөц байгаа. 

Мэдээлэл өгсөнд баярлалаа!

 

Холбоотой мэдээ