Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Бугын эвэр элэгтэй нум сум

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-25 10:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XI-XII зууны үед холбогдох “Бугын эврэн элэгтэй нум сум, үйсэн хоромсого, бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд”-ыг толилуулж байна.


Энэхүү археологийн олдворууд нь он цагийн хувьд судлаачдын үзэж буйгаар дундад зууны үед хамаарагдах эд зүйлс болох нь тогтоогдсон бөгөөд иж бүрдэл, хадгалагдаж үлдсэн байдал зэргээрээ түүх археологийн цорын ганцад тооцогдох дурсгал юм.


Бугын эврэн элэгтэй нум сум Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн сумын төвөөс хойш 45 км зайд орших Арцат дэл хайрхан уулын агуйн хадны оршуулгаас 1999 онд олджээ.

Энэхүү булшнаас гарсан Бугын эврэн элэгтэй нум, Үйсэн хоромсого, Бургасан мөстэй төмөр зэвт сумнууд зэрэг нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн нүүдэлчдийн булшнаас гардаг эд өлгийн зүйлстэй ижил төстэй бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ахуй амьдралын дүр төрхийг бүрэн илтгэн харуулж чадах хосгүй үнэт олдворууд нь өдгөө Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ.

Бугын эврэн элэгтэй нум, сум нь байлдааны үндсэн зэвсэг болно. Судлаачид монголчуудын байлдан дагууллын амжилт тухайн үеийн соёлын чухал өвийн нэг нь Азийн тахир нумын сонгодог хэлбэрийг хадгалсан монгол нум хэмээдэг. Энэхүү холын тусгалтай байлдааны зэвсэг нь их бие, хөвч, бариул, нум зэрэг олон эд ангиас бүрдэнэ. Нумыг янгирын эвэр, амьтны шөрмөс, мод, хусны үйс болон бургасаар хийдэг байжээ.

Үйсэн хоромсого: Хоромсогоны нийт урт 89,7см, үүнээс сум авах амсрын урт 18,5 см, амсрыг хийхдээ зорж нимгэлсэн хус модыг хагас дугуйруулан матаж түүндээ үйсээ нарийн сураар үдэн тогтоож хусныхаа хоёр үзүүрийг хоромсогоны хоёр талын бэхэлгээ модтой холбон үджээ. Бортгон хоромсогоны ёроолын голч 14,5-9,5 см хэмжээтэй байна. Уг хоромсогоны ёроолоос 41,5 см-ийн зайд, харин нөгөө сэнжний нүх хоромсогоны оройгоос 8 см-ийн доор байх ба хоёр сэнжийг хоромсогоны хажуу бэхэлгээ модонд сураар үдэж тогтоожээ.

Уг хоромсогоны нүүрэн талын бэхэлгээ мод доороосоо 7 см хиртэй хугарсан (Хугархай байхгүй) нүүр талын бэхэлгээний одоо байгаа урт 64 см болно.

Бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд: Дээрх үйсэн хоромсогонд нийт 19 ширхэг сум байсны 15 нь бүрэн бүтэн хадгалагджээ. Энэ сумнуудын уртын хэмжээ нь 81 см-77,5 см-ийн хооронд байна.

Сумны зэвүүд хийц хэлбэрийн хувьд 6 өөр төрлийн байна. 

Холбоотой мэдээ