Умард Солонгос пуужин хөөргөснийг НҮБ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-02 12:53:59

НҮБ. /TASS/. Умард Солонгос гурван удаа баллистик пуужингийн туршилт хийснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушаалаа.

Гурван удаа амжилтгүй болсон баллистик пуужингийн туршилтуудыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд бүгд буруушаагаад, эдгээр туршилтууд нь тус улсын цөмийн зэвсэг тээвэрлэх төхөөрөмжийг улам боловсронгуй болгосноор хурцадмал байдлыг улам өдөөнө гэж онцлон тэмдэглэжээ.

Умард Солонгос удаа дараа пуужин харваж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2006 оны 1718 тоот, 2009 оны 1874 тоот, 2013 оны 2087 тоот, 2013 оны 2094 тоот, 2016 оны 2270 тоот тогтоолуудыг зөрчиж байна гэж Аюулгүйн Зөвлөл мэдэгдлээ.

Энэ онд тус зөвлөлийн баталсан 2270 тоот тогтоолын дагуу Умард Солонгост авсан хориг арга хэмжээг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад хандан Аюулгүйн Зөвлөл уриалсан байна. Мөн үүнтэй холбогдуулан авсан арга хэмжээний талаарх тайлангаа яаралтай өгөхийг тус зөвлөл гишүүн орнуудаас хүсчээ.

Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос тавдугаар сарын 31-нд “Musudan” дунд тусгалтай баллистик пуужинг Вонсан боомтоос харвах туршилт хийсэн нь бүтэлгүйтсэн байна. Мөн дөрөвдүгээр сард баллистик пуужингийн туршилт гурван удаа хийсэн боловч бүгд бүтэлгүйтжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ