БНХАУ-д хуванцар соруул хэрэглэхийг хориглоно

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-12-24 14:59:39

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын гялгар уут, хуванцар хайрцаг, гал тогооны хэрэгслийн хэрэглээ нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бол энэ асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд хуванцар соруулыг улс даяар хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна.


БНХАУ-д өнгөрсөн онд 46 тэрбум ширхэг буюу 30 мянган тонн хуванцар соруул хэрэглэсэн гэж “iiMedia Research” зөвлөгөөний фирм мэдээлжээ. Хүмүүсийн хэдхэн минутад хэрэглээд хаядаг бяцхан хуванцар соруул задрахдаа 500 жилийн хугацаа зарцуулдаг юм.


Иймээс Хятад улс энэ оны эцсээс нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг хориглохоор болжээ. Харин уух зүйлээр үйлчилдэг газрууд энэ хоригийг хүлээн авахад бэлэн байна уу?


Сүүлийн үед цаасан соруул ихэнх үйлчилгээний газруудад түгээмэл харагдах болжээ. Хятад дахь Канадын “Tim Hortons” кофены сүлжээ өнгөрсөн сараас шинэ соруулыг хэрэглээндээ нэвтрүүлсэн бөгөөд энэ сард 60 мянган соруулыг хэрэглэгчдэд тараажээ.


“Манай үйлчлүүлэгчдийн гуравны нэг нь цаасан соруул хэрэглэж байгаа. Бидний тооцоогоор ирэх онд 15 сая ийм соруул хэрэглэх төлөвтэй байна” гэж “Tim Hortons”-ын Хятад дахь үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгч Хэ Бинь мэдээлжээ.


Мөн Хятадын нэртэй сүүтэй цайны дэлгүүрүүд, хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг газрууд өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байгаа бололтой байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хуванцар соруулыг хориглох гэж буйтай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал нь цаасан соруулын эрэлтээс үүдэлтэй үнийн нэмэгдэл юм. Ийм соруул нь хуванцар соруулаас тав дахин өндөр үнэтэй байгаа юм.


Хятадын зүүн нутгийн Жянсу мужийн Уши хот дахь “Duoxixi” соруулын үйлдвэрийн амархан задардаг соруулын захиалга сүүлийн үед хоёр дахин нэмэгджээ. Уг үйлдвэрийн мэдээлснээр, өнгөрсөн сард 1000 гаруй хэрэглэгч цаасан соруул захиалсан бөгөөд үнэ нь 20 хувиар өсжээ. Үүнтэй холбоотойгоор “Duoxixi” компани амархан задардаг шинэ төрлийн материалаар соруул хийх шийдлийг эрэлхийлсээр байна.


“Бид буудай, зэгс зэрэг ургамлаар соруул хийгээд байна. Эдгээр нь 100 хувь задарна. Мөн саяхан хулсны утсаар хийх аргыг олсон бөгөөд ирээдүйд цаасан соруулыг орлож магадгүй юм” гэж “Duoxixi” компанийн гүйцэтгэх захирал Гэ Жяпин мэдээлжээ. 

Холбоотой мэдээ