Марокко, АНУ, Израиль хамтарсан тунхаглал батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-23 10:59:28

РАБАТ. /TASS/. Марокко, АНУ болон Израилын эрх баригчид Рабат хотноо Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа гэж  “Maghreb Arabe Press” агентлаг мэдээлэв.


Тус агентлагийн мэдээлснээр, баримт бичигт Марокко улсын Ерөнхий сайд Саад ад-Дин аль-Османи, АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жаред Кушнер, Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Меир Бен-Шаббат нар гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолд Марокко улсын хаан VI Мухаммед оролцжээ.


"АНУ Баруун Сахар нь Мароккогийн нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, Сахарын бүс нутагт автономит эрх олгох тухай Мароккогийн жинтэй, найдвартай, бодитой саналыг Баруун Сахарын газар нутгийн маргааныг шударгаар шийдвэрлэх цорын ганц үндэс суурь болгон дэмжиж байгаагаа дахин нотоллоо" гэж баримт бичигт онцолсон байна.


Энэхүү зорилгод хүрэхэд ахиц дэвшил гаргахын тулд АНУ Мароккотой хамт Баруун Сахарын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны боломжийг ахиулах зорилгоор Баруун Сахарын Дахла хотод Консулын газар нээхээр болжээ.



Холбоотой мэдээ