Өлгий нутгийн бахархал – “Керей” үүлдрийн хонь

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-23 09:56:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн мал аж ахуйн салбарын бахархал болсон онцлог брэнд бол “Керей” үүлдрийн хонь юм.

Монгол Улсын Гавьяат зоотехникч О.Хатыран, мал зүйч Х.Самидан, М.Жамсран, Ж.Ханай, М.Төлеубай, малын эмч Х.Сурайбай нар 1970 оноос казахын ууцан сүүлт хонин сүрэгт үржил селекцийн ажил явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, бүдүүн ноосны чиглэлийн ууцан сүүлт “Керей” үүлдрийн хонийг бий болгожээ.

Улмаар 1997 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны сайдын А/27 тоот тушаалаар үүлдрийн хониор баталгаажуулсан аж. 

Тухайн үүлдрийн хонь нь гарал, үүсэл, зүс, биеийн галбир болон зарим ашиг шимийн онцлог шинж чанараараа Монгол Улсад үржүүлж байгаа бусад үүлдэр, омгуудын хониноос эрс ялгаатай. Монгол хонинд багтдаг Халх, Баяд, Говь-Алтай, Үзэмчин, Дархад, Сартуул, Барга хонь цагаан зүстэй, ноосны чанар муугүй, богино өөхөн сүүлтэй, бие галбираараа хоорондоо төстэй байдаг.

Харин «Керей» үүлдрийн хонь улаан ба бор хүрэн зүстэй, ширүүн ноостой, ууцан сүүлтэй. Монгол хонины дундаж жин 41 кг, Баян-Өлгий аймгийн хонины дундаж жин 43 кг байхад «Керей» үүлдрийн хонины дундаж жин 45 кг болдог. Ноосны гарц аймгийн дунджаас 47 грамм, монгол хониныхоос 122 граммаар илүү байна.

Баян-Өлгий аймаг нь нэг сая гаруй толгой хоньтой. Үүний 90 гаруй хувийг «Керей» үүлдрийн ууцан сүүлт хонь эзэлдэг. Тухайн үүлдрийн хонины цөм сүргийг голдуу Дэлүүн сумын 5, 6, 7 дугаар багт үржүүлдэг. Аймгийн хэмжээнд сүргийн тоо нь 149.3 мянган толгой байдаг ажээ.  

Холбоотой мэдээ