Унгар Улсын засгийн газрын шагнал гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-18 22:58:39

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Унгар Улсын Засгийн газрын шагнал "Төрийн гавьяаны загалмай", "Хүлэг баатрын загалмай" одон гардуулах ёслол өнөөдөр Унгар Улсын Элчин сайдын яаманд боллоо. 


Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский ёслолыг нээж хэлэхдээ, "Монгол, Унгарын парламентын бүлгийн даргаар ажиллахдаа хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг "Төрийн гавьяаны загалмай" одонгоор, хоёр улсын боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатарыг "Хүлэг баатрын загалмай" одонгоор шагнаж буй" -г тэмдэглэсэн юм.


Элчин сайд Борбала Анна Обрушанский мөн "Д.Эрдэнэбаатар багш Унгарт гурав, дөрөв удаа судалгааны ажлаар очиж Азийн болон Европын хүннүчүүдийн хоорондох ижил төстэй зүйлийг судалсан. Тэгээд Унгар орны тухай олон зүйл ярьж бичсэнээрээ Унгарын өвөг дээдсийн нэр хүндийг өсгөсөн" хэмээн тодотгов.


Монгол Улс, Унгар Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөө жил тохиож буй билээ.


Шагнал гардуулах ёслолын дараа, Ж.Батзандан хоёр улсын харилцааны талаар тодотгож хэлэхдээ, "Би 1993 онд оюутан болж очсоноосоо хойш Унгар орныг сайн мэдэх болсон. Монгол, Унгарын Парламентын бүлгийн даргаар сүүлийн найман жил ажиллахдаа, нэгдүгээрт, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарсан. Унгар Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч болон үе үеийн Элчин сайд нартай хамтран ажилласны үр дүнд, бидний үед жилд тавхан оюутан сурдаг байсан бол өнөө Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 100 орчим оюутан сурдаг болоод байна. Хятад, Оросын дараа орох хамгийн олон монгол оюутанг өөрийнхөө зардлаар сургаж байгаа улс бол Унгар болж байгаа нь хоёр орны харилцаанд гарсан маш том дэвшил гэж үзэж байна.

Спортын салбарт ч хамтын ажиллагаа өрнөж, Бушкаш академийг төгссөн монгол залуус Унгарын лигт хөл бөмбөг тоглож байна. Малын вакцин үйлдвэрлэх том төсөлд 30 жилийн хугацаатай,  57 сая ам.долларын хүүгүй зээлийг Унгар Улсын Засгийн газраас олгож байна. Түүх, археологийн судлалд хамтын ажиллагаа онцгой ихээр өрнөж, Унгар Улс монгол судлал, монгол судлаачдаа маш их дэмжиж байна" гэлээ. 






Холбоотой мэдээ