Иргэдийг цахим худалдан авалт хийхийг уриалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХААГ-аас ажлын баг гарч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах түр журмыг танилцуулан, зөвлөн тусалж байна.
Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын нэгнээс хөл хориог хэсэгчлэн бууруулж, үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Ингэхдээ аймгийн Засаг даргын А/565 дугаар захирамжаар зарим нэр төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-үүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах тухай түр журмыг мөрдөх ёстой. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-үүд энэхүү түр журмыг мөрдөн шаардлага хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжтойгоор зохицуулалт хийж байгаа аж.
Тухайлбал, худалдаа үйлчилгээний газрын стандарт лангуу нь шалнаас 75-85 см байх, хоёр цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийх, үйлчилгээний байгууллагууд угтах хэсэгтээ нэгээс гурван хөтчийг ажиллуулж, биеийн халууныг хэмжих, бүртгэл судалгаа авах зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байна. Мөн хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байхаас гадна цахим худалдан авалт хийхийг уриалж байна.