Э.Макронтой уулзсан Европын удирдагчид өөрсдийгөө тусгаарлаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-18 11:56:06

ПАРИС. /NHK/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор түүнтэй сүүлийн үед ойр байсан Европын удирдагчид өөрсдийгөө тусгаарлаж байна.


Э.Макронд халдварын шинж тэмдэг илэрсний дараа “PCR” шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан талаар түүний ажлын албанаас пүрэв гарагт мэдээлсэн юм. Тэрбээр долоон хоног өөрийгөө тусгаарлах хугацаандаа ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ.


Мөн Францын Ерөнхийлөгчтэй сүүлийн өдрүүдэд уулзсан Испанийн Ерөнхий сайд Педро Санчез, Португалын Ерөнхий сайд Антонио Коста, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель нар өөрийгөө тусгаарлахаар болжээ.


Үүний зэрэгцээ Францын Ерөнхий сайд Жан Кастекс, Үндэсний ассамблейн тэргүүн Ричард Ферранд нар долоон хоногийн тусгаарлалтаа эхлүүлжээ. Э.Макрон лхагва гарагт эрх баригч намын гишүүд тэргүүтэй 10 гаруй хүнтэй оройн зоог барьсан байна.


Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, оройн зоогийн үеэр зайнаас харилцах гэх мэт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг баримталжээ. Гэвч Засгийн газар долоогоос олон хүн нэг дор хоол идэхгүй байхыг уриалж буй үед болсон уг уулзалт олон нийтийн шүүмжлэлд өртөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ