Зул сарын баярын үеэр амны хаалт зүүхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-17 10:44:30

БРЮССЕЛЬ. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ зул сарын баяраар гэр бүлийнхэнтэйгээ уулзахдаа амны хаалт зүүхийг европчуудад уриаллаа.


Европт зул сарын баярын амралтын үеэр гэр бүл, найз нөхдөөрөө цугларснаар “COVID-19” халдвар тархах эрсдэл ихээхэн нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан газраас лхагва гарагт мэдээлжээ.


“Иймээс хувь хүмүүс, гэр бүл, олон нийт халдварын шинэ давлагаа үүсэхээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмээ сахих нь зүйтэй. Мөн гэр бүлийн уулзалтыг боломжтой тохиолдолд гадаа хийх хэрэгтэй бөгөөд дотор уулзах тохиолдолд амны хаалт зүүж, зайнаас харилцах шаардлагатай” гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


Хэдийгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байхдаа амны хаалт зүүж, зай барих нь таагүй санагдаж болох ч ингэснээр бусдынхаа эрүүл, аюулгүй байдлын хангахад хувь нэмрээ оруулна гэдгийг дурджээ. Мөн зорчигч ихтэй нийтийн тээврийн хэрэгслээс зайлсхийж, цанын баазуудад бөөгнөрөл үүсэхээс сэргийлэхийг уриалжээ. 


Европын орнуудад баярын үеэр ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх вэ?

Германд нэгдүгээр сарын 10 хүртэл тогтоосон шинэ хөл хорионы хүрээнд супермаркет, банк зэрэг онц шаардлагатай газруудад л үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрнө. Зул сарын үеэр хязгаарлалтыг бага зэрэг сулруулж, нэг өрх гэр бүлийн дөрвөн гишүүнээ гэртээ хүлээн авах боломжтой болно.


Италид жилд нас барсан хүний тоо Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэх гэж байгааг тус улсын эрх баригчид мэдээлжээ. Европтоо халдвараар нас барагсдын тоогоороо нэгдүгээрт жагсаж буй Италид зул сарын үеэр томоохон хотуудад хөл хорио тогтоох хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.


Франц хоёр дахь хөл хориогоо оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорих цаг болгон өөрчилсөн. Иргэд тухайн цагт тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээс гарч болохгүй юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын хувьд нэгдүгээр сарын 20 хүртэл хаалттай хэвээр байна.


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез сүүлийн үед халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, Засгийн газар зул сарын баярын амралтын үеэр хязгаарлалтуудыг чангатгах шаардлагатай болж магадгүй гэж мэдэгджээ.


Нидерландад таван долоо хоногийн хөл хорио тогтоогоод байгаа нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш авч хэрэгжүүлсэн хамгийн хатуу арга хэмжээ болж байна. Хязгаарлалтуудыг баярын гурван хоногт бага зэрэг сулруулна.


Их Британийн нийслэл Лондон хотод лхагва гаргаас хамгийн хатуу арга хэмжээнүүдийг тогтоосноор зоогийн газар, паб, энтертайнмент төвүүд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ.


Литвад хөл хорио тогтоож, онцын шаардлагагүй тохиолдолд хот хооронд зорчихыг хоригложээ. Мөн өрхүүдэд хоорондоо уулзахыг хориглосон байна.


Австрид зул сарын баяраар дотоод орчинд амны хаалт зүүх журмыг өргөтгөж, өрхүүдийн цугларалтад хязгаар тогтоох төлөвтэй байна.


Дани хэсэгчилсэн хөл хориогоо сунгаж, орон даяарх зоогийн газар, спортын төвүүдийг хаажээ. 

Холбоотой мэдээ