Армени Азербайжаныг дахин давшихыг оролдсон гэж буруутгав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-12-13 10:44:12

ЕРЕВАН. /BBC/. Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабах руу давшсан гэж Арменийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Үүнээс өмнө хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Бүгд найрамдах Арцах Улс руу Азербайжаны цэргүүд дайрч, гурван цэрэг шархадсан тухай мэдээлж байв.


Харин Азербайжаны эрх баригчид Арменийн цэргүүдийн өдөөн хатгасан ажиллагааны дараа хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдэж байна. Уулын Карабахын Хадрут мужид буудалцаан болсныг Оросын эрх баригчид нотолсон бөгөөд гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг шаарджээ. 


“Энэ сарын 12-нд Азербайжаны тал Арцахын /хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын/ Хин Таглар, Хцаберд суурингууд руу давшилтын ажиллагаагаа сэргээсэн. Батлан ​​хамгаалах арми зохих арга хэмжээг авч байна" гэж Арменийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Хин Таглар болон Хцаберд нь Арменийн эзлэгдсэн хоёр тосгон бөгөөд Хадрутын бусад хэсэг нь Азербайжаны Зэвсэгт хүчний хяналтад байгаа юм. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан ​​хамгаалах яамнаас өмнө нь Карабахын Батлан ​​хамгаалах армийн гурван албан хаагч шархадсан гэж мэдээлжээ. “12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд дайсан өмнөд чиглэлд байрлуулсан Батлан ​​хамгаалахын армийн байлдааны байршил руу дайрахыг оролдов. Хариу гал нээж, буудалцааны үеэр гурван цэрэг шархадсан” гэж яамны цахим хуудсанд гарсан мэдээнд дурдсан байна.


Москва гал нээхгүй байхыг шаардаж байна

12 дугаар сарын 11-ний өдөр Хадрут мужид гал зогсоох дэглэм зөрчсөн нэг тохиолдлыг энхийг сахиулагчид нь бүртгэсэн болохыг ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам баталжээ.


"Хадрут мужид автомат буугаар гал нээсэн. Шууд харилцах холбооны сувгуудаар галаа бүрмөсөн зогсоох дэглэмийг сахих шаардлагыг талуудад цаг алдалгүй хүргүүлсэн" гэж энхийг сахиулагчдын шуурхай штаб мэдээлжээ. Тэд мөн 12 дугаар сарын 11-ний өдөр Хадрут мужид болсон буудалцаан нь гал зогсоох дэглэмийг зөрчсөн ганц тохиолдол гэдгийг нэмж дурдсан байна.


Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Карабахын байдал харьцангуй тогтвортой байгаа гэж онцлон тэмдэглэсэн боловч эдгээр үйл явдалд түгшиж байгаагаа илэрхийлжээ.


Бямба гаргийн орой Азербайжаны Батлан ​​хамгаалах яам Карабахад гал зогсоох дэглэмийг "яг одоо" сахиж байгаагаа мэдэгдээд, энэ явдалд Арменийг буруутгасан байна. "Арменийн тал Азербайжаны чөлөөлсөн газар нутагт өдөөн хатгасан ажиллагаа явуулж, гал зогсоох дэглэмийг зөрчсөн. Азербайжаны Зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөж байна" гэж яамны хэвлэлийн алба мэдээлжээ.


Бямба гарагт ЕАХАБ-ын Минскийн бүлгийг хамтран даргалагч АНУ болон Францын төлөөлөгчид Бакуд айлчилж, Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтэй уулзсан байна.


Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-нд эхэлж, Азербайжан, Арменийн удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн зуучлалтай гал зогсоох тохиролцоонд хүрснээр 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө дууссан билээ.


Холбоотой мэдээ