Британийн “Oardacity” баг Монголын хүүхдүүдэд туслана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Британийн “Oardacity” багийн гишүүн Харри Хеарн, Алекс Соскин, Эд Батчелор, Том Пиллипс нар Монгол Улсын зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусалдаг Кристина Нобелийн хүүхдийн санд хандив цуглуулах зорилгоор энэ сарын 12-нд “Talisker Whiskey Atlantic Challenge” сэлүүрт завины уралдааны 3000 миллийн төрөлд оролцоно.
“Talisker Whiskey Atlantic Challenge” нь Атлантын далайд болдог тул сэлүүрт завины хамгийн аюултай уралдаанд тоооцогддог бөгөөд энэ жил нийт 20 гаруй баг өрсөлдөх аж.
Кристина Нобелийн хүүхдийн сан нь 1991 онд байгуулагдсан бөгөөд Монгол болон Вьетнамын хүүхдүүдийг дэмжих, сэтгэл зүйн хувьд бие даасан иргэн болж төлөвшүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогоор хоёр орны 900 мянга гаруй хүүхдэд тусламж олгоод байгаа юм. Тус сангаас Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих, хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Oardacity” багийн гишүүд хөтөлбөрт зориулан 200 мянган фунт стерлингийн хандив цуглуулах зорилго тавьсан байна. Одоогоор 71 мянга 66 фунт стерлинг цуглуулжээ.