Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-11 11:40:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 10-нд аймгийн Онцгой комисс хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ сарын 31-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Энэ хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газар, караоке, бариа засал, массаж, сүм хийдийн үйл ажиллагаа, сургалт, цугларалт, хэлэлцүүлэг, курс дамжаа, секц дугуйлан, үзвэр үйлчилгээ, спорт заал, уралдаан тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Харин нийтийн хоолны газар, зоогийн газар, цайны газар, үсчин зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг газруудыг ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахиж, үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн байна.

Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх байгууллага, үйлчилгээний газрууд энэ тухай аймгийн Онцгой комисст мэдэгдэж, МХГ-аас заавар зөвлөгөө авах шаардлагатай ажээ.

Мөн аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг одоогийн мөрдөж буй дэглэмийг үргэлжлүүлэн шуурхай штабаас зөвшөөрөл олгон нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ