Япон хиймэл оюун ухааны тусламжтай төрөлтийн тоог нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Япон
улс хиймэл оюун ухааны тусламжтайгаар төрөлтийн тоог огцом нэмэгдүүлнэ гэж
найдаж байна. Тийнхүү эрх баригчид ганц бие хүмүүст заяаны ханиа олоход нь
туслах болзооны ухаалаг үйлчилгээнд хөрөнгө мөнгө зарцуулах болжээ.
Шинэ он гарсны дараа Японы Засгийн газар орон нутгийн төсвүүдэд нэмж
санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийг төгс хосуудыг бий болгох зорилготой
ухаалаг системүүдийг ашигладаг төслүүдэд зарцуулах аж.
Хэдий хайр дурлалын асуудлыг хиймэл оюун ухаанаар бүрэн төгс шийдвэрлэх
боломжгүй ч ганц бие хүмүүс өргөн сонголтуудаас өөрт илүү тохирох хамтрагчаа
олох боломжтой гэж сайд нарын танхимын гишүүд үзэж байна.
Япон улсад хүн амзүйн гүн хямрал нүүрлээд байгаа юм. Энэ улс нь өндөр
наслалтын хувь хамгийн өндөр, төрөлтийн үзүүлэлт хамгийн бага улс юм. Өнгөрсөн
онд тус улсад шинээр төрсөн хүүхдийн тоо 865 мянга болж буурсан нь урьд өмнө нь
байгаагүй бага тоо юм.
Төрөлтийн ерөнхий коэффициент Япон улсад өнгөрсөн онд 1.36 байсан бол ОХУ-д 1.82, Их Британид 1.66 байжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар шинэ технологийн тусламжтай төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд 2 тэрбум йен зарцуулахаа мэдэгджээ.
Хамтрагчаа олох үйлчилгээг Японы 47 мужийн тал орчимд нь явуулж байна. Эдгээр муж улсын заримд нь хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэлжээ. Танилцах үйлчилгээг санхүүжүүлснээр технологийг шинэ түвшинд гаргана гэж Засгийн газар найдаж байгаа аж.
“Хиймэл оюун ухаан ашигласан төслүүдийг хэрэгжүүлж буй нутгийн зөвлөлүүдэд
бид тэтгэмж олгохыг зорьж байгаа” хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч
мэдэгджээ.
Хүн ам зүйн таамаглалаас харвал 2017 онд 126 сая байсан Японы хүн ам 21
зууны сүүлчээр 53 саяд хүрч магадгүй байна.
Нөхцөл байдал даамжирч, ажиллах хүчин багассанаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эрх баригчид үзэж байгаа учир асуудлын шийдлийг аль болох хурдан олохыг хичээж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, төр
асуудлын үндсийг олж харж чадахгүй байгаагаас гадна санхүүгээ буруу удирдаж
байна гэж үзэж байгаагаа Японы Темпл их сургуулийн антропологич Сачико Хоригучи
хэлжээ.
Шинэ технологид
анхаарал хандуулахаасаа урьтаж бага цалинтай залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх
боломжийг авч хэлэлцэх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. Үүнийгээ тэрбээр бага цалин, хайр дурлалын
харилцаа хоорондын шууд хамаарлыг харуулсан судалгаан дээрээ үндэслэн
тайлбарлажээ.
“Хүмүүс болзох
сонирхолгүй байгаа цагт болзох үйлчилгээг санал болгох нь үр дүнгээ өгөхгүй”
хэмээн Хоригучи цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Япон улсад хөдөлмөр эрхэлж
буй ээжүүдэд үзүүлэх дэмжлэг дутмаг байгааг шинжээчид сануулсаар байна.