Ираны эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт холбоотой хүмүүсийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-09 10:58:03

ТЕХРАН. /RT/. Ираны цөмийн судалгааны эрдэмтэн, Батлан хамгаалахын орлогч сайд Мохсан Фахризадег хөнөөсөн хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг олж тогтоож, баривчиллаа гэж тус улсын парламентын олон улсын асуудал эрхэлсэн даргын туслах Хосейн Амир Абдоллахиан “Al-Alam” телевизээр мэдэгджээ.


"Энэхүү аллагыг гүйцэтгэхэд оролцсон хүмүүсийн заримыг манай аюулгүй байдлын алба олж тогтоож, түүгээр барахгүй хорьж саатуулсан. Энэ хүмүүс шударга ёсноос мултрахгүй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Абдоллахиан ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд хэргийн талаарх мэдээллийг аюулгүй байдлын алба өгөх боломжтой хэмээжээ. Тэрбээр мөн энэ хэрэгт Израил улсыг дахин буруутгаад, тус улсыг энэ асуудалд "өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэсэн" гэж цохон тэмдэглэсэн байна.


Мохсен Фахризаде 11 дүгээр сарын 27-нд нийслэл Техран хотын ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан юм. Тэрбээр Батлан ​​хамгаалах яамны дэргэдэх судалгаа, инновацийн байгууллагыг удирдаж байжээ.


Лалын хувьсгалыг хамгаалах корпусын орлогч командлагч Али Фадавийн мэдээлснээр, эрдэмтнийг автомашинд суурилуулсан, хиймэл оюун ухаан бүхий хиймэл дагуулын системээр удирддаг автомат буугаар буудаж хөнөөсөн байна.


 


 


Холбоотой мэдээ