Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр, "Төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зохицуулалтыг тусгасан. Энэхүү төслийг баталснаар төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын уялдааг хангах, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Мөн олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой" гэлээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.