АНУ Тайваньд цэргийн холбооны хэрэгсэл нийлүүлэх төлөвлөгөөгөө зарлав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-12-08 10:49:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Тайваньд 280 сая ам.долларын өртөг бүхий цэргийн холбооны хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын Төрийн департамент болон Пентагоны бүтцэд багтдаг засгийн газрын агентлаг мэдэгджээ.


Төрийн департаментын мэдээлснээр, санал болгож буй хэлэлцээр нь дээр дурдсан Америкийн цэргийн тоног төхөөрөмжийг "хүлээн авагчийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ". Үүнээс гадна, Тайваньд нийлүүлэх цэргийн зориулалттай "хөдөлгөөнт болон аюулгүй харилцаа холбооны" шинэ систем нь "бүс нутагт улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулна" гэж Америкийн эрх баригчид үзэж байгаа аж. 


Америкийн засаг захиргаа шийдвэрээ Конгресст албан ёсоор мэдэгдсэн байна. АНУ-ын хууль тогтоох байгууллагад шинэ гэрээг судлахад 30 хоногийн хугацаа байгаа юм.  


Пентагоны бүтцэд багтдаг засгийн газрын агентлаг нь засгийн газар хоорондын гэрээгээр улс орнуудад цэргийн техник хэрэгсэл, зэвсэг нийлүүлэх, АНУ-ын Зэвсэгт хүчин болон бусад орны хоорондох хэлхээ холбоог дэмжих, батлан ​​хамгаалах чиглэлээр Вашингтоны гадаад түншүүдэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг хариуцдаг байна.



Холбоотой мэдээ