Энэтхэгт "үл мэдэгдэх" өвчний улмаас олон хүн эмнэлэгт хүргэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-07 14:43:35

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш мужид үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж, 227 хүн эмнэлэгт хүргэгджээ.


Өвчтөнүүдэд дотор муухайрахаас эхлээд бөөлжих, ухаан алдах зэрэг олон шинж тэмдэг илэрч байна гэж эмч нар мэдээлжээ. Холбогдох албаны төлөөлөгчид өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


COVID-19” халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж буй Энэтхэг нь цар тахалтай үргэлжлүүлэн тэмцсээр байгаа юм. Андра-Прадеш нь халдварт хамгийн их нэрвэгдсэн мужуудын нэг бөгөөд 800 мянга гаруй хүн халдвар авчээ.


Гэвч “COVID-19” нь өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн хүмүүстэй хамааралгүй бололтой байна. Андра-Прадеш мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын мэдээлснээр, бүх өвчтөний коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ.


“Өвчилсөн хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн хувьд гэнэт бөөлжиж байна. Мөн зарим нь ухаан алдсан” гэж Элуру хотын засаг захиргааны эмнэлгийн төлөөлөгч “Indian Express” сонинд мэдээлсэн байна.


Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 70 нь эмнэлгээс гарсан бол 157 нь эмчилгээ хийлгэж байгаа ажээ. “Өвчний шалтгааныг тогтоохын тулд мэргэжилтнүүдийн тусгай багийг илгээсэн” гэж Андра-Прадешийн тэргүүн сайд Жаганмохан Редди мэдээлжээ.


А.Шринивасын мэдээлснээр, цусны сорьцуудаас вирусний халдварын ямар нэгэн шинж илрээгүй байна. Мөн ус, агаарын бохирдолтой холбоотой гэх мэдээллийг мэргэжилтнүүд няцаасан тул зөвхөн лабораторийн задлан шинжилгээгээр тодорхойлогдох төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ