Дэлхийн нүүдлийн урлагийн “GNAP-2020” үзэсгэлэн цахимаар болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-12-03 14:42:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нүүдлийн урлагийн “GNAP-2020” үзэсгэлэн Монгол Улс болон БНСУ-ын Гонжу хотноо өнөөдөр цахимаар нээлтээ хийж байна.

 

Соёлын яамнаас санаачилж буй “Байгальд ээлтэй монгол соёл аян”-ы хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association-YATOO” нийгэмлэг, Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоотой хамтран Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020 олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Мөн Франц, Солонгос улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч “COVID-19” халдварын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэнг ийнхүү онлайн хэлбэрээр болж буй юм.

 

Үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг 9 орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийг дэлгэнэ.

Уг үзэсгэлэнг дараах холбоосоор үзэх боломжтой.

http://www.natureartbiennale.org/?fbclid=IwAR2RhW5JRHpCGWiBQfRuC4UY7zDaEgMRpRvujw4GRCRBc3z-fuTvIVvJ3Ws

БНСУ-ын YATOO групп нь орчин үеийн дүрслэх урлагийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч олон улсын томоохон ТББ бөгөөд Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл -ийг 2014 оноос Солонгос, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Болгар, Румын, Унгар, Герман, Франц, Литва, Турк, Англи, Мексик, Итали зэрэг улсад хэрэгжүүлээд байгаа юм.


“Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэгийг 1981 онд байгуулсан юм.

 

2021 онд тус хөтөлбөрийг Монгол Улсад “GNAP-2021 MONGOLIA” нэрээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

 

Төслийг хэрэгжүүлснээр олон улсын уран бүтээлчид Монголын нүүдлийн соёл, түүх ёс заншил, байгалийн үзэсгэлэн, хөдөө нутгийн өвөрмөц онцлог, зан заншлыг орчин үеийн дүрслэх урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын соёлын харилцааг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, цаашлаад дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж буй байгаль орчин, экологийн үнэ цэн ач холбогдлыг түгээн таниулахад олон улсын уран бүтээлчид хамтран  хувь нэмэр оруулах юм. 

Холбоотой мэдээ