Льюис Хэмилтон коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-01 16:26:27

НЬЮ-ЙОРК. /Sky sports/. "Формула-1"-н долоон удаагийн аварга, Их Британийн нисэгч Льюис Хэмилтоны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай "Мерседес" багийн хэвлэлийн алба мэдээлэв.


“Мерседес” багийн гишүүн Л.Хэмилтон өнгөрсөн долоо хоногт гурван удаа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан ч даваа гарагт түүнд коронавирусний халдварт өвчний шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрчээ. Энэ үед дахин шинжилгээ өгөхөд, хариу эерэг гарсан байна.Одоогоор тэрбээр Бахрейнд тусгаарлагдаж байгаа бөгөөд түүнтэй ойр хавьтсан хүмүүсийг давтан шинжилгээнд хамруулж байгаа аж.


"Формула-1"-н энэ улиралд Л.Хэмилтон коронавирусний халдвар авсан гурав дахь нисэгч болжээ. Өмнө нь Мексикийн нисэгч Серхио Перес, Канадын нисэгч Лэнс Стролл нар халдвар авсан тухай мэдээлжээ. Л.Хэмилтон 12 дугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Бахрейнд болох Сахирын Гран-прин тэмцээнийг алгасаж байгаа аж.


Сануулан дурдахад, “Формула-1”-н уралдаанд Л.Хэмилтон 332 оноотойгоор нэгдүгээрт жагсаж, хугацаанаасаа өмнө аварга болсон юм. 



Холбоотой мэдээ