Дундговь аймгийн иргэдийг өдөр бүр найман автобусаар тээвэрлэх зохицуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-01 12:53:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссоос зорчигч тээврийн үйлчилгээг орон нутагтаа зохицуулах түр журам гаргаж, өнөөдрөөс мөрдүүлэн иргэдээ хүлээн авахаар бэлтгэж байна.

Улсын Онцгой комиссоос энэ сарын 1-10 хүртэл хөл хорионы дэглэмд орж, Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу нь явуулахаар шийдвэрлэсэн ба орон нутагт ирсэн хойно нь дээрх иргэдийг зохион байгуулахыг орон нутгийн Онцгой комисст даалгасан.

Тиймээс аймгийн Онцгой комиссоос Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах түр журам” батлан гаргасан байна.

11 дүгээр сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирэх хүсэлтэй 2030 иргэн www.119.mn сайтад бүртгүүлжээ.

Тус ажлын хэсгээс нийтийн тээврээр ирсэн иргэдийг сум сум руу нь хүргэхийн тулд Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын иргэдийг Дэлгэрцогт сумын төвөөс, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумын иргэдийг Улаанбаатар-Мандалговийн авто замын пост дээрээс, Сайнцагаан сумын иргэдийг аймгийн Авто тээврийн гадна талбайгаас сум сумынх нь Онцгой комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Өөрөөр хэлбэл хөдөөгийн 14 сумын иргэдийг аймгийн төв рүү оруулахгүй байхаар зохицуулалт хийсэн байна. Онцгой комиссоос сум бүрт хоёр фургон машин бэлтгэх үүрэг өгсөн. Зарим суманд нэгээс илүү машин байхгүй учраас хэрэв хоёр машинаар иргэдээ зэрэг тээвэрлэх шаардлага гарвал аймгийн Онцгой комиссоос хүргэж өгөх аж.

Улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст аль аль сумаас хэдэн хүн автобусанд суусан тухай мэдээлэл ирсний дараа сум бүр өөрийнхөө иргэдийг очиж хүлээн авах ба сумын Онцгой комисс ч мөн иргэдтэйгээ холбоо барьж байгаа юм байна.

Өнөөдрийн 14.00 цагаас эхлэн Лавай авто тээврийн төвөөс Дундговь аймгийн иргэдийг өдөр бүр найман автобусаар тээвэрлэх зохицуулалтыг хийжээ.

Холбоотой мэдээ