Зээрийн сүргийг нийслэлээс бүрэн гаргаж амжаагүй байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-11-30 18:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр орж ирсэн 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргажээ. 


Харин өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компанийн албан хаагчид явган болон машинаар сүргийг гаргахаар ажиллалаа. 


Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээл гарч байгааг албан хаагчид хэлж байна. Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд 4 байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.



Холбоотой мэдээ