Орхон аймгаас гарах болон орох 6000 гаруй иргэн байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-30 20:17:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгаас гарах болон орох иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Г.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн ЗДТГ-ын Erdenet.mn сайтад Орхон аймагт ирэх 3672, гарах 2406 иргэн бүртгүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотоос ирэх 3203, явах 1283 иргэн байна. Нийслэл болон бусад аймгаас Орхон аймагт ирэх, явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг УОК-ын шийдвэрийн дагуу буюу 12 дугаар сарын 7-ноос нээнэ. Ингэхдээ иргэд 119.mn сайтад бүртгүүлж асуумжийн дагуу үнэн зөв бөглөж, шинжилгээгээ заавал өгсөн байх шаардлагатай юм.

Мөн ирэх, явах иргэдийн тээвэрлэлт, ариутгал, халдваргүйтгэл, гэрийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд тавих хяналт зэрэг олон асуудал байгаа. Үүнийг аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирж байгаа иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байх тул иргэдийн гар утсанд GPS суулгаж мэргэжлийн байгууллагууд хянах бөгөөд шаардлагатай үед нь утас, цахимаар холбогдож эмчийн зөвлөгөө өгөх юм. Энэ зохицуулалтын талаар эргэн мэдээлнэ.  

Холбоотой мэдээ