Орон нутгаас гарах иргэдийн шинжилгээг хоёр цэгт зохион байгуулж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-29 15:44:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгаас Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай болон баруун 5 аймаг, Дархан-Уул аймгийн 3 сум руу явах иргэдийн бүртгэлийг 11 дүгээр сарын 28-ны өдөр smartdarkhan.com хаягаар бүртгэсэн. Бүртгүүлсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг өнөө өглөө 08:00 цагаас эхлэн  хоёр цэгт зохион байгуулж байна. Цахим бүртгэлд 2000 гаруй иргэн бүртгүүлсэн аж. Үдээс өмнөх байдлаар 16 дугаар сургуулийн байранд 770 гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагдахаас 130 иргэн, Дархан өргөө политехникийн коллежийн байранд 1200 гаруй иргэн шинжилгээ өгөхөөс 172 иргэн хамрагдсан байна. PCR шинжилгээ авах ажил өнөө оройны 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Онцлон анхааруулахад Орхон, Булган, Хөвсгөл аймаг руу нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр явах иргэд PCR шинжилгээ өгнө. Харин Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай болон баруун 5 аймаг руу зорчих иргэд нийтийн тээврээр явах боломжгүй бөгөөд зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр явах шаардлага тавьж байгаа ажээ.

Тухайн шаардлагыг хангасан иргэд PCR шинжилгээнд хамрагдах юм. Мөн Дархан-Уул аймгийн сумд буюу Орхон, Хонгор, Шарын гол руу явах иргэд ч мөн PCR шинжилгээнд хамрагдах бөгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд Дархан сумаас гарах эрхтэй болох ажээ.

Холбоотой мэдээ