Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1000 ор дэлгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-26 19:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв-2, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусний халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношилгооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжинд 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.


Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн "COVID-19"-ийн цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлаа зөв хуваарилж ажиллахыг зөвлөлөө.


Холбоотой мэдээ