“Гремми-2021” наадамд хэн хэн хамгийн олон шагналд нэр дэвшив?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-25 11:27:56

ВАШИНГТОН. /BBC/. “Гремми-2021” хөгжмийн наадамд Бейонсе, Тейлор Свифт, Дуа Липа нар хамгийн олон шагналд нэр дэвшжээ. "Гремми" наадмын 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 31-нд Лос-Анжелес хотод болох юм.


Энэхүү наадамд Бейонсе хамгийн олон буюу есөн шагналд нэр дэвшсэнээс “Black Lives Matter” жагсаалын үеэр энэ зун гаргасан “Black Parade” дуугаараа дөрвөн шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр Бейонсе “Гремми”-гийн шагналд хамгийн олон удаа /79/ нэр дэвшсэн эмэгтэй уран бүтээлч болж, Пол Маккартнигийн амжилттай зэрэгцэн иржээ. П.Маккартни нь “Гремми”-д хамгийн олон удаа нэр дэвшсэн эрэгтэй уран бүтээлчдийн хоёрдугаарт бичигддэг байна.


Т.Свифтийн хувьд зургаан шагналд нэр дэвшсэн бөгөөд хөл хорионы үеэр гаргасан “Folklore” цомгоороо "Оны шилдэг цомог" шагналыг гурав дахь удаагаа хүртэж магадгүй байна. Мөн “Future Nostalgia” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан Дуа Липа зургаан шагналд өрсөлдөх ажээ. Үүний зэрэгцээ “The Box” дуугаараа олонд танигдсан рэпер Родди Рич мөн зургаан шагналд нэр дэвшсэн байна. “The Box” энэ оны эхээр шилдэг дуунуудын жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлжээ. 


Гэсэн хэдий ч энэ онд уран бүтээлээрээ өндөр амжилт гаргаж, 2020 оны хамгийн өндөр борлуулалттай цомгийн эзнээр тодроод буй “Weeknd” 2021 оны “Гремми” наадамд нэр дэвшээгүй байна. Ирэх оны “Super Bowl” тэмцээний завсарлагын шоуны үеэр уран бүтээлээ толилуулахаар болсон түүнийг 2020 онд томоохон наадмуудаас олон шагнал хүртсэн тул “Гремми”-гийн гол шагналуудын төлөө өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан юм.


Харин энэ оны эхээр 18 насандаа “Гремми” наадмын гол дөрвөн шагналыг хүртсэн Билли Айлишийн хувьд “Everything I Wanted” болон “James Bond” цувралын шинэ ангийн “No Time To Die” дуугаараа дөрвөн шагналд нэр дэвшжээ. Мөн БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Dynamite” дуугаараа “Гремми” наадмын шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр BTS” хамтлаг “K-pop” урсгалаар уран бүтээл туурвигчдынхаа дундаас анх удаа өөрсдийн дуугаараа энэхүү шагналд нэр дэвшсэн бөгөөд тэд өнгөрсөн онд "Love Yourself: Tear" цомгоороо "Гремми"-гийн шагналд нэр дэвшиж байжээ. 

Холбоотой мэдээ