“COVID-19” халдварын тохиолдол 640 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-23 11:02:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 22-нд хийсэн шинжилгээгээр Улаанбаатар хотод 11 хүнд коронавирус илэрчээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдол нь бидний хяналтдаа авсан, халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас гарсан. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдол гараад хавьтлуудыг нь тусгаарлан ажиглах байранд тусгаарласан хүмүүсээс гарсан гэсэн үг. Эдгээр хүмүүсийн гурван хүн нь ойрын хавьтлын хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бусад нь энэ сарын 20, 21-нд илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавтьлуудаас илэрсэн” гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 883 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс 39  хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулсан бол 68 хүн хоёр дахь давтан шинжилгээнд орсон. Эдгээр хүмүүсэээс эхний тохиолдлын гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тиймээс бидний хяналтдаа авсан өвчтөний шинжилгээг давтан хийх ажлын үр дүнд халдарыг хяналтдаа авсан, голомтыг барьж авсан, халдварыг гадагшаа алдаагүй учир иргэдийн дунд халдвар алдаагүй, тухайн голомтод халдвар бүртгэгдэж байна гэсэн үг” хэмээв.


Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 640 болж байна. Үүнээс 340 хүн буюу 53 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д 293 хүн эмчлүүлж байна.


2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагийн байдлаар дотоодын халдвар Улаанбаатар хотод 51, Дархан-Уул аймагт 20, Дорноговь аймагт 17, Орхон 17, Говьсүмбэр 1, Сэлэнгэ аймагт 98 бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ