36 тохиолдлыг ойрын хавьтлаас тандалтаар илрүүлсэн байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 19:47:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өнөөдрийн мэдээллээр онцгой анхаарал татсан буюу цар тахлын голомт байж болзошгүй Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Баянгол, Сайхан сумын иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг эрчимтэй хийж байгаа талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар дээрх сумдын 19328 хүн эрт илрүүлгийн оношилгоонд хамрагдаад байгаа аж. Эдгээрийг сум сумаар нь тодруулбал Сүхбаатар суманд 13485, Алтанбулагт 1717, Мандалд 3483, Баянголд 214, Сайхан суманд 429 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна. 11 дүгээр сарын 21–ний байдлаар 19328 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 70 эерэг тохиолдол гарсан байна. Үүнийг баталгаажуулах шинжилгээнд оруулж батлагдсан тохиолдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төврүү шилжүүлжээ.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг 1743 хүнд PCR-аар хийхэд 77 өвчлөл бүртгэгдсэн аж. Эдгээр өвчтөнүүдийг цаг алдалгүй Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тээвэрлэж, эмчилгээ хяналтад оруулсан байна. Нийт батлагдсан 77 тохиолдлын 41-г түргэвчилсэн оношлуураар, 36–г өвчтөний ойрын хавьтлаас тандалтаар илрүүлжээ.

Явуулын тандалт шинжилгээний баг Сүхбаатар өртөөний хөдөлгөөн, ачаа тээвэр, буудлын цехийн 144 ажилчдын PCR шинжилгээнд хамрагдаагүй 114 хүний судалгааг гаргаж, 75 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тусгаарлан ажиглах байрнаас гарч буй энгийн болон аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байгаа аж.    

 

Холбоотой мэдээ