Шинжилгээ авах 28 цэгт эрүүл мэндийн салбарын 88 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 14:06:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны 11.00 цагийн ХӨСҮТ-ийн мэдээллээр Сэлэнгэ аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 77 болсныг мэдээлсэн.  

Энэ нь “Сэлэнгэ аймагт тандалт, судалгаа, шинжилгээний баг хугацаа алдалгүй ажилласны үр дүнд халдварын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байгаа” хэмээн мэргэжлийн багийнхан дүгнэж байгаа юм. Иймээс иргэн бүрийг нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд шинжилгээндээ яаралтай хамрагдахыг цаг ямагт уриалсаар байна. Өнөөдөр та бидний оролцоо энэхүү цар тахлын гинжин хэлхээг таслан зогсооход нэн чухал байгаа шүү гэдгийг аймгийн Онцгой комиссын зүгээс анхааруулж хэлсээр байна.  

11-р сарын 21-ний өдрийн байдлаар Сүхбаатар суманд “Ковид-19”-ийн түргэвчилсэн оношлуураар нийт 19328 хүн шинжилгээ өгчээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах 28 цэгт эрүүл мэндийн салбарын 88 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ