Дэлхийн хэмжээнд 57.2 сая хүн коронавирусээр халдварлаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-11-22 11:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 641 мянган хүн коронавирусний халдвар шинээр авсан нь уг вирус анх тархаж эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 57.2 сая хүн коронавирусээр халдварлаад байна. Энэ байдлаас харахад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаагийн илрэл” гэлээ.


Монгол Улсын хувьд коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа юм. Хэрэв Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээгүй бол өнөөгийн тохиолол 4-5 дахин нэмэгдэж, 3000 гарах магадлалтай гэсэн тооцоолол гаргасан байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 41 мянга 812 хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ. Иргэдийг  өөрт ойр цэгт очиж шинжилгээ өгөхдөө 119.mn болон 1800-0119 дугаарын утсаар цаг авахыг ЭМЯ-наас анхааруулав.

Холбоотой мэдээ