Завханы хэмжээнд 59 хяналтын цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-18 13:28:04

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжийн дагуу аймгийн хэмжээнд 24 сумын 59 хяналтын цэгт тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид 24 цагийн постод ажиллаж байна.

Тухайлбал сум, аймгийн онцгой комиссын гишүүд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтарсан 238 алба хаагч ажилтан, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ үү. Өнөөдрийн байдлаар Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнийг хориглож тодорхой зам буюу баталгаагүй замыг хаах арга хэмжээг авсан байгаа. Иймд иргэд та бүхэн хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж, хориглосон замаар зорчих зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-д зааснаар иргэнийг таван зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахыг анхаарна уу гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг ариутгаж байна

24 сумын постоор нэвтэрч буй автомашинуудыг ариутгах ажлыг хийж байна

Аймгийн хэмжээнд 59 хяналтын цэгээр орж, гарч буй автомашинуудад ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг дайран өнгөрөх бүр мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн баг ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Аймгийн төв, Улиастай сумын зургаан багт 19 алба хаагч нийтийн хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэн хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ