У.Хүрэлсүх: Цар тахлыг хязгаарлан барих, таслан зогсоох боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-18 12:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсэх олон нийтэд танилцууллаа.


Тэрбээр, “Коронавирусний цар тахал дэлхий нийтэд хурдацтай тархаж, хүн төрөлхтөнд ямар аюул занал учирч байгааг иргэд сайтар мэдэж байгаа. Энэхүү аюулт өвчин сүүлийн хэдэн хоногт улам бүр эрч хүчээ авч, олон сая хүний амь нас эрсдэх аюул нүүрлэж, дэлхийн эдийн засагт хүнд цохилт болж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд манай төр засаг, мэргэжлийн байгууллагууд ард иргэдтэйгээ хамтран хичээн ажилласны дүнд дотооддоо халдвар алдалгүй барьж чадсан цөөхөн орны нэг байсан ч цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэн, дотоодод цар тахал гарлаа.

Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгасныг та бүхэн мэдэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргт шилжсэнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг Засгийн газар, УОК, Шадар сайд гүйцэтгэж байна. Засгийн газар, УОК бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа. Бид богино хугацаанд цар тахлыг зогсоох, хяналтдаа авах нь маш чухал. Иргэд минь ч хүндхэн нөхцөл байдалд байгаа гэдгийг Засгийн газар нэн сайн ойлгож, мэдэрч байгаа.

Цаашдаа цар тахалтай “хамт амьдрах” нөхцөл байдал үүсэж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол Монгол Улс бүхэлдээ бүслэлтэд орсон байсан бөгөөд хориглон хамгаалах тулалдаан хийсэн. Харамсалтай нь хориглон хамгаалах тулалдааны бүсүүд задарч, коронавирус Монгол Улсад орж ирсэн тул бид гардан тулалдаанд орж байна. Гэхдээ бид айж сандрах, бухимдаж уцаарлах явдал байхгүй. Энэ хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Монголчууд ч эв нэгдэлтэй байж, төр засаг, УОК-ын гаргасан шийдвэрүүдийг гар санаа нийлж, эв нэгдэлтэйгээр хэрэгжүүлснээр аюулт тахлыг хязгаарлан барьж чадна гэдгийг хэлэхийг хүсэж байна” хэмээв.


Мөн тэрбээр Улаанбаатар, Сэлэнгэ аймагт голомт илэрч, өнөөдрийн байдлаар нийт 30 дотоодоос цар тахал авсан гэдгийг онцлов. Тухайлбал, иргэн Д-тэй холбоотой 15 тохиолдол батлагдсан. Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол батлагдлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш улсын хэмжээнд 12 мянган хүн дэг журам сахиулахаар ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар хотод 51, Сэлэнгэ аймагт 25, Дархан-Уул аймагт 14 цэгт цар тахлын шинжилгээ авч байна. Цэгийн тоог нэмэх, төмөр замын албан хаагчдыг бүгдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг Ерөнхий сайд хэллээ.


Түүнчлэн, “Иргэдийн хамгийн их санаа зовж байгаа зүйл бол хүнс, эмийн хангамж бөгөөд энэ хоёр салбарын нөөц хангалттай байгаа тул зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсэж байна. Засгийн газар, УОК-ын шийдвэрийг ухамсартайгаар даган биелүүлж, гэртээ байж, амны хаалтаа зүүж, гараа угааж, гадагшаа гарахгүй байгаа нь коронавирусний халдварыг зогсоох ажилд асар их хувь нэмрээ оруулж байгаа үйлдэл тул иргэддээ талархсанаа илэрхийлж байна.

Вакцин гарах сайхан сураг чимээ байгаа ч Монголд орж иртлээ удна. Бидэнд одоо нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага. Тиймээс улс орон даяар манай улсын нийт иргэд, манай улсад сурч, ажиллаж байгаа гадны иргэд төр, засгийн шийдвэрийг ягштал мөрдөж чадвал бид цар тахлыг хязгаарлан барих, таслан зогсоох боломж байна гэж үзэж байгаа. Үүнийг бүх нийтийн бэлэн байдлын 14 хоногийн хугацаанд хийхийн төлөө боломжоо дайчлан ажиллаж байна” гэлээ.


Хэвлэлийн хурал үргэлжилж байна.

Холбоотой мэдээ