Уйгурууд Хятадаас дүрвэн гарсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-26 17:45:18

ХАР БАЛГАС. /NHK/. Гадаадад амьдарч буй уйгур үндэстэн иргэдийн удирдагч хэлэхдээ "Хятадын эрх баригчид уйгуруудын шашин номын хэрэгт чанд хатуу хяналт тавьж байгаагийн улмаас 10 мянга орчим уйгур иргэд тус улсаас дүрвэн гарсан" гэж мэдэгджээ.

Тэд Тайланд, Малайз болон бусад улсуудаар дамжин Туркт ирсэн байна. "Дэлхийн уйгуруудын хуралдай" байгууллагын тэргүүн Рабия Кадир лхагва гарагт Японы нийслэл Токио хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгджээ. Си Зиньпин Хятадын засгийн эрхийг барих болсноос хойш Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд үндэстний цөөнх болох иргэдийн шашны номын үйл ажиллагаа явуулах боломж улам хязгаарлагдсан гэж Кадир хэллээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад терроризмын эсрэг шинэ хууль хэрэгжүүлж эхэлсэн нь үүнд улам нэрмээс болсон гэж тэрбээр үзэж байна. Олон уйгур үндэстэн иргэд Засгийн газраас явуулж буй үндэстэн ястны талаарх бодлогыг эсэргүүцсэнийхээ төлөө террорист хэмээн дуудуулж шоронд хоригдож байгаа ажээ.

Тэрбээр энэ асуудлыг дүрвэгсдийн хямралтай холбоотой асуудлын нэгэн хэсэг болгож Японд болох “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа юм. Хятадын Засгийн газрын зүгээс Кадирийг Хятадыг эсэргүүцэгч, хагалан  бутаргагч хэмээн үздэг аж. Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны эрх баригчид Кадирийг "барууны орнуудын утсан хүүхэлдэй" хэмээн шүүмжилж байна.

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ