Я.Содбаатар: Хүний нэр дурдах, аж ахуйн нэгжийн бизнест халдах тохиолдол гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-15 16:48:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгаснаа хэвлэлийнхэнд танилцууллаа. Мэдээллийн үеэр Засгийн газрын мэдээллийн үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм. Сэтгүүлчдийн асуултад Шадар сайд Я.Содбаатар, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулт өглөө.


-Амжиргааны түвшин доогуур өрхүүдэд ямар дэмжлэг олгох вэ, Арилжааны банкуудад зээлийн асуудлаар тодорхой чиглэл өгсөн үү?


Я.Содбаатар: Иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар дэмжлэг олгох боломжтой байгааг судлахыг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт үүрэг болгосон. Үнэхээр зээл, татвараас эхлээд тулгамдсан асуудал бий. Гэхдээ бид иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг чухалчилж байгаа. Төсөв мөнгө, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг судалж байгаад шийдвэр гаргана.


-Сэлэнгэ аймгийн 75 настай эмэгтэй шинжилгээ өгөхөөр эмнэлгээр хэд хэдэн удаа очсон. Халдвар тээж байхдаа гадуур их явсан. Мөн иргэн Д-ийн ойрын хавьтлын 2 хүн дэлгүүрүүдээр их явсан тухай мэдээлэл бий. Хавьтагч нарыг тогтоож байгаа юу?


Я.Содбаатар: Энэ вирус агаар дуслын замаар хүнээс хүнд, амьтнаас хүнд тархаж байгаа. Тиймээс халвар авсан болон ойрын, дам хавьталд орсон хүмүүсийн хувийн нууцад халдаж болохгүй. Бид хамтарч байж, нэгдэж байж хүн төрлөхтнийг сандаргаж байгаа энэ “аюулт дайсан”-ыг дарж авна. Энэ хүмүүсийн цаана ажил амьдрал, бизнес, ах дүү хамаатан садан байгаа гэдгийг хэвлэлийнхэн болон нийтийн сүлжээнд бичиж байгаа хүмүүс бодолцох хэрэгтэй. Ингэхгүй бол хүний нэр дурдах, аж ахуйн нэгжийн бизнест халдах тохиолдол гарч байна. Энэ өвчин амьсгалын замаар халдаж байгаа тул хэн ч, хэзээ ч тусч болно. Дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, парламентын гишүүд нь ч өвдсөн. Тиймээс иргэдийг тодорхой хувь хүн, аж ахуйн нэгжийн эрхэд халдахгүй байхыг сануулж байна.


А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн тохиолдол эмнэлгээр явсан нь үнэн. Тиймээс түүний явсан, уулзсан хүн бүрийг судалж, ойрын 171 хавьтлыг илрүүлсэн. Түүнчлэн 200 гаруй хоёрдугаар хавьтлыг илрүүлж, шинжилгээ хийж байгаа. Одоогоор ойрын хувьтлуудаас нь вирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн Тандалтын шуурхай хариу арга хэмжээний II баг, УОК, ЭМЯ-ны хамтарсан баг ажиллаж байгаа. Сүүлийн 2 тохиолдол бол иргэн Д-ийн ойрын хавьтал байсан бөгөөд тусгаарласны дараа 2 дахь шинжилгээгээр вирус илэрсэн. Тэдний ойрын 91 хавьтлыг илрүүлсэн. Мөн гадуур дотуур явахдаа уулзсан, үзвэр үйлчилгээ үзсэн зэрэг 1300 гаруй дам хавьтлыг тогтоон шинжилгээ хийж байгаа.


Холбоотой мэдээ