Нийслэлийн төсвийн орлогын гүйцэтгэл 65.4 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 10 сарын байдлаар нийслэлийн татварын орлого 270 гаруй тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 74.5 тэрбум төгрөгөөр тасраад байна. Энэ талаар өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанд нийслэлийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсөвт өөрчлөлт оруулж тодотгол хийх гэсэн 2 асуудлыг хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөн барьсан юм. Хуралдаанд НИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн 22 нь цахимаар, 8 төлөөлөгч танхимаар оролцон 66 хувийн ирцтэй болов.
"COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим салбарын үйл ажиллагаа зогсож, ААН-үүдийн орлого тасарсан, түүнчлэн цар тахлын үед ажлын байраа хадгалж буй ААН-үүд болон иргэдийг татвараас чөлөөлсөн. Мөн өрхийн эдийн засгийг дэмжих чиглэлээр авсан арга хэмжээ зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж нийслэлийн төсвийн орлого тасалдаж буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Тэрээр, нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн 2020 оны эхний 10 сарын мэдээгээр нийслэлийн төсөвт 1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаар 654.3 тэрбум төгрөг төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 65.4 хувийн гүйцэтгэлтэй буюу 345.8 тэрбум төгрөгөөр тасраад буйг мэдээлэв. Тасралтын 53.4 хувийг (184.5 тэрбум төгрөг) хотын шууд төсөв, цалин хөлс, төлбөр болон түүнтэй адилтгах орлогоос суутгах Хувь хүний орлогын албан татвар дангаар эзэлж буйг танилцуулав.
Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлстийн ларга Н.Отгонбаярын тайлбарыг сонссон юм. Тэрээр, мөн энэ оны эхний 10 сарын байдлаар нийслэлийн төсөвт нийслэлийн автозам, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан зэрэгтэй холбоотой нийт 851 ажил байгааг мэдээллээ. Үүнээс төсвөөс санхүүжүүлсэн 116.8 тэрбум төгрөг, Нийслэлийн замын сангийн хөрөнгийн 22.4 тэрбум төгрөг, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 5.2 тэрбум төгрөг, нийт санхүүжилт 10 сарын байдлаар 144.4 тэрбум төгрөг буюу санхүүжилтийн гүйцэтгэл 45.1 хувьтай байгааг танилцуулсан юм.
Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 44 тэрбум, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 4 тэрбум төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг хумих арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, НИТХ 2020 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулахдаа тэвчиж болох зардлуудаа бууруулж, эхлээгүй ажлуудыг хойшлуулах, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч хэмжээ авч ажиллах, түүнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлж баталлаа.
Төсөвт өөрчлөлт оруулснаар иргэн, ААН-үүдэд санхүүгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед өрхийн орлогыг тасалдуулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн тээврийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг олон нийтэд доголдолгүй хүргэхэд анхаарахаар болов.