Худалдааны төвүүдэд халдвар хамгаалал хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-14 10:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд худалдааны төвүүдэд халдвар хамгаалал хангалтгүй байгаа нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын хийсэн хяналт шалгалтаар илэрч буй талаар МХЕГ-аас мэдээллээ. 

Тухайлбал, "Нарантуул" захын хажууд орших "Баялаг Ундраа" худалдааны төв, мөн бөөний худалдааны "Барс" хүнсний захад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байна. Үүнээс гадна иргэдийн бөөгнөрөл үүссэн байдалд худалдаачид амны хаалтыг буруу зүүх зэрэг зөрчил илэрч байна. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийгээгүй, иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрлийг ямар нэг байдлаар зохицуулахгүйгээр ажиллаж байгаа нь тандалтаар илэрч байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүнсний худалдаа, эрүүл мэндийн байгууллага, харилцаа холбоо зэрэг 11 чиглэлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж байна. МХЕГ-ын Шуурхай штабаас иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн санд иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсдын биеийн халууныг хэмжих, гар халдваргүйжүүлэх, зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, ажлын байр, үйлчилгээний талбай, АТМ-ын товчлуур зэргийг ариутгаж халдваргүйжүүлж буй байдалд тандалт хийжээ.


Тандалтаар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, үүрэн телефоны үйлчилгээний цэгүүдэд иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, хүнснээс бусад төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэдийг “тооллого хийх, засвар хийх” зэрэг шалтгаанаар ажиллуулж байлаа. 

Иймд тухайн байрыг түрээслэгчдэд халуун хэмжих, халдваргүйтгэл хийхийг нэгдсэн байдлаар зохицуулах, Засгийн газрын 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгууллаа. 

Иргэд худалдааны төв, АТМ-ээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий өмсөх, бохирдсон гадаргууд хүрсний дараа гараа савандаж угаах, зориулалтын уусмалаар халдваргүйжүүлж, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай барихыг зөвлөж байна. Тандалт, хяналт шалгалт үргэлжилж байна.


Холбоотой мэдээ