АНУ-ын сонгууль будлиантай болсон гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-13 13:50:21

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын 2020 оны сонгууль “Америкийн түүхэн дэх хамгийн баталгаатай сонгууль” болсон гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа байгууллага мэдэгджээ. Ингэснээр сонгууль будлиантай болсон гэх Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг няцаасан байна.


“Санал хураалтын систем доголдсон юм уу саналын хуудас алдагдсан, өөрчлөгдсөн гэх ямар ч нотолгоо байхгүй байна” гэж Цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан агентлаг мэдээлжээ. Д.Трамп өөрийг нь сонгосон 2.7 сая саналын хуудас “устгагдсан” гэж өмнө нь мэдэгдсэн юм.


Д.Трампын хувьд сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Томоохон телевизүүд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчаар хэдийнээ зарласан боловч зарим муж улсад саналын хуудсын тооллого хараахан дуусаагүй байна.  


АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуулийн дүнтэй холбогдуулан гол муж улсуудад зарга мэдүүлж, сонгуулийн будлиантай холбоотой батлагдаагүй мэдэгдлийг удаа дараа хийгээд байгаа юм. 

Холбоотой мэдээ