Сүга, Байден нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-12 09:17:42

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдентай өнөөдөр анх удаагаа утсаар ярьсан талаар Японы Засгийн газрын төлөөлөгчид мэдээллээ.


С.Ёшихидэ Ж.Байденд өнгөрсөн долоо хоногийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөн ялалт байгуулсанд баяр хүргээд, Япон-АНУ-ын аюулгүй байдлын эвслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.


Ж.Байдены хувьд Их Британи, Канад, Франц, Герман зэрэг орны олон удирдагчтай хэдийн утсаар яриад байгаа юм.


С.Ёшихидэ БНХАУ-ын далай тэнгис дэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж, БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрт олон нийтийн санаа зовниж буй энэ цаг үед Японы гол холбоотон улсын ерөнхий командлагч болох гэж буй Ж.Байдентай харилцаа тогтоох хүсэлтэй байгаа ажээ.


АНУ-ын томоохон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2009-2017 онд Барак Обамаг Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаанд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Байденыг өнгөрсөн долоо хоногт сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авсны дараа түүнийг сонгуульд ялалт байгуулсныг зарласан билээ.


Гэсэн хэдий ч Д.Трампын хувьд сонгуулийн дүнтэй холбоотой заргыг хэд хэдэн муж улсад мэдүүлж, сонгуульд ялагдал хүлээснээ хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.


С.Ёшихидэ өнгөрсөн ням гарагт Ж.Байденд ялалт байгуулсанд “Twitter” хуудсаараа дамжуулан баяр хүргээд, Энэтхэг-Номхон далайн бүсэд энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох чиглэлд АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ