Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, коллежийн үйл ажиллагааг түр хугацаанд хаахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-11-11 14:01:36

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам захирамж гаргаж “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, коллежийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 14-нийг хүртэл хугацаанд түр хаах шийдвэр гаргалаа.

Мөн дээрх хугацаанд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ, сургалт, семинар, дугуйлан секцийн үйл ажиллагаа явуулах, сул болон өндөр агууламжтай архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов.

Говьсүмбэр аймгаас хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 11-ний 12:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

Дээрх шийдвэрийг “Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гаргажээ.

Холбоотой мэдээ