М.Ахмет Язал: Хуваарьт нислэг үйлдэх зөвшөөрөл олговол 20 монгол иргэнийг үнэ төлбөргүй авч ирэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-10 17:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад "COVID-19" цар тахлын үед Улаанбаатар-Истанбул-Улаанбаатарын хуваарьт нислэг үйлдэх санал тавьсан байна. Энэ талаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас тодрууллаа.


-Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын улмаас улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд багагүй хүндрэл үүсэж байгаа. Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ?


-Хоёр орны улс төрийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсээгүй. Гэхдээ 2020 оны эхээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд манай улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан. Яг айлчлалын өмнө “COVID-19” гарсан тул айлчлал хойшилсон. Мөн гуравдугаар сард Турк улсад болох байсан чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдыг урьсан байсан ч мөн хойшилсон. Энэ айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байсан юм. Түүнчлэн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Турк улсад урьсан байсан боловч мөн хойшлоод байна. Энэ жил Туркийн Үндэсний хурлын 100 жилийн ой тохион ёслолд Монгол Улсын Их хурлын даргыг урихаар төлөвлөж байлаа. Энэхүү айлчлалуудыг амжилттай зохион байгуулах хүсэл эрмэлзэл одоо ч хэвээрээ байгаа. Айлчлалын төлөвлөгөөнүүдийг харахаар Монголын төлөөлөгчид голлон айлчилж байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ 2019 онд Туркийн Үндэсний хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд нар Монголд айлчилсан. Монгол, Туркийн нүүр нүүрээ харалцаад яриа хэлэлцээ хийх дуртай ард түмэн. Ийм яриа хэлэлцээ маш үр ашигтай болж өнгөрдөг. Нислэг нээмэгц бид Монгол Улсын хүндэт зочдыг хүлээн авахад бэлэн байна. Мөн би Монгол Улсын ГХЯ-нд “Гадаад харилцааны сайд гадаад улсад айлчлах бол нэг улсад биш хэд хэдэн орноор орох боломжтой. Магадгүй нэг улс нь Турк байж болох юм” гэсэн санал хэлсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын ГХЯ-дын Улс төрийн зөвлөлдөх уулзалт цахимаар болсон.


-Эдийн засгийн харилцаанд ч бас тодорхой бэрхшээл тулгарч байгаа байх?


-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тоо баримт одоо дөнгөж гарч эхэлж байна. Тодорхой хэлэх боломжгүй байгаа ч өнгөрсөн жилүүдэд гадаад худалдаа өсөж байсан бол энэ онд тодорхой хэмжээнд багассан нь ажиглагдаж байгаа. Гэхдээ сүүлийн үед газрын ачаа тээвэр хурдтай нэмэгдэж байна. Худалдаа бол урсгал устай ижил. Урсгал ус ямар ч нөхцөлд урсах замаа олдогтой ижил наймаачид худалдааны гарцыг хайж олдог. Тэгж замаа олж байгаа худалдаачдын өмнө бид хориг саад тавихгүй байх хэрэгтэй. Ихэнх улс орнууд цар тахлын эсрэг бодлого хэрэгжүүлэхдээ худалдаа, бараа, бүтээгдэхүүний эргэлтийг хязгаарлахгүй байхыг зорьж байгаа. Монгол Улс ч энэ бодлогоо хэрэгжүүлж, хамгийн эрсдэлтэй үед бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг нэвтрүүлж байгаа. Бид агаарын болон автозамын тээврийн нөхцөл байдлыг судалж үзээд, хүнд хэцүү нөхцөлд шинэ боломж бүрдүүлж болно гэдгийг харж байна.


-Тухайлбал ямар боломж байна гэж та харж байна вэ. Монгол Улсад хуваарьт нислэг үйлдэх хүсэлт тавьсан гэсэн?


- Улаанбаатар-Истанбулын хуваарьт нислэг эхлүүлэх саналыг Монгол Улсад энэ оны долоодугаар сард тавьсан. Хуваарьт нислэг эхлүүлэх нь Монгол Улсад хүссэн хүн бүрийг авч ирнэ гэсэн үг биш. Тодруулбал, Ирэх хүмүүсийн тоо, нэрсийг нааш илгээж, Монгол Улсын Засгийн газар, УОК-оос зөвшөөрөл өгсний үндсэн дээр нислэг үйлдэнэ. Мөн Монгол Улсад үйлчилж буй хязгаарлалт, дүрэм, журмын хүрээнд нислэгээ үйлдэх юм. Тусгай нислэг хэзээ үйлдэгдэхийг мэдэхгүй учраас бид ЭСЯ-ныхаа ажилтныг Турк руу явуулж чадахгүй удаж байна. Тогтмол хуваарьт нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улсаас гадаад руу ажлаар явах гэж байгаа хүмүүст ажлаа амжуулахад илүү хялбар болно. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Истанбул руу 5 удаа тусгай нислэг үйлдсэн. Дараагийн нислэг хэзээ байх нь огт тодорхойгүй байгаа. Энэ оны 10, 11 дүгээр сард БНТУ-аас Монголыг зорих хүмүүс цөөхөн байна гэдэг шалтгаанаар тусгай нислэг үйлдээгүй. Өмнөх тусгай нислэгүүдийн тасалбар болон тусгаарлагдах зардал нь нийт 1200-1300 ам.доллар болж байсан. Зөвхөн тусгай тасалбар 700-750 ам.доллар. 3 гишүүнтэй гэр бүл ирэхэд л 3-4 мянган ам.доллар болно гэсэн үг. Энэ хэмжээний мөнгийн Турк улсад амьдарч буй иргэд, тэр дундаа хууль бусаар оршин сууж буй хүмүүс төлөхөд маш хэцүү. Бидний мэдэж байгаагаар БНТУ-аас иргэд ирж чадахгүй байгаа нь нислэгийн тасалбарын үнэ өндөр, хуваарь тодорхойгүй зэрэгтэй холбоотой. Тиймээс “МИАТ” юм уу “Туркиш Эйрлайнс” тогтмол нислэг үйлдэж эхэлбэл тасалбарын үнэ ч буурах боломжтой юм. Мөн ирж буй нислэг тав тухтай болно. Өмнөх 5 тусгай нислэгийн бүх суудал дүүрэн байсан бол хуваарь нислэг үйлдсэнээр хүн хоорондын зайг барих боломж ч бүрдэнэ. Энэ хүрээнд “Туркиш Эйрланс” Монгол руу тусгай нислэг үйлдэх хүсэлт тавьсан. Ингэхдээ нислэг бүртээ Монголын 20 иргэнийг үнэ төлбөргүй авч ирэх юм. Одоогоор энэ хүсэлтэд эерэг хариу аваагүй байна. Монгол Улс гадаадаас иргэдээ татах ажлыг бид үргэлж дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болно. Ийм ч учраас бид МИАТ-аас өмнө нь үйлдсэн 5 тусгай нислэгийг Истанбулд “Дипломат онгоцны эрх”-ээр буулгаж байсан. Ингэснээр онгоцны буудалд газардсаны, хөөрсний, агаарын зам ашигласны төлбөр огт аваагүй. Тусгай нислэгээр ирсэн нийт иргэдийн 15-20 хувь нь Турк улсад амьдардаг монголчууд байсан. Үлдсэн 80-85 хувь нь дэлхийн бусад орноос Истанбулаар дамжин ирж буй иргэд байсан юм. БНХАУ-ын Ухань хотод анх халдвар дэгдэхэд Турк улс тус хотоос 30 орчим иргэнээ авах нислэг үйлдсэн. Ингэхдээ Улаанбаатар хотод газардаж, шатахуунаа цэнэглэж байсан юм. Энэ завшааныг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхий сайд болоод нийт монголчууддаа бидэнд энэхүү боломжийг олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.


-Цар тахал дэгдсэнээс хойш БНТУ хэдэн орноос иргэдээ татан аваад байна вэ?


-“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Турк улс дэлхийн 141 орноос 115 мянга гаруй иргэнээ нүүлгэн шилжүүлэх нислэгээр татан авсан. Монгол Улсаас “МИАТ”-ын тусгай нислэгээр 25 иргэн нутаг буцсан. Мөн дэлхийн 65 орны хүсэлтээр 5.5 мянган иргэнээ татан авахад нь тусалсан байна. Түүнчлэн дэлхийн 90 орны 38 мянган иргэнийг эх оронд нь хүргэж өглөө. Улмаар гадаадад байхдаа осолд орсон, эсхүл коронавирусний халдвар авсан 250 иргэнийг Түргэн тусламжийн нисдэг тэргээр очиж авсан байна. Нүүлгэн шилжүүлэх нислэг бол аливаа улсад очоод өөрийн орны иргэдээ аваад, буцаж ирдэг. “МИАТ” компанийн Истанбул руу үйлдсэн нислэгүүдийг харахад нүүлгэн шилжүүлэх бус арилжааны талдаа байна. Өөрөөр хэлбэл, БНТУ-д амьдардаг иргэд төдийгүй өөр улсаар дамжин ирж буй иргэд эсхүл тасалбар худалдаж авсан хүмүүсийг авч ирж байгаа. Мөн карго тээвэрлэж байна. “МИАТ” арилжааны маягийн нислэг үйлдэж байгаа тул “Туркиш Эйрлайнс”-т мөн нислэг үйлдэх зөвшөөрөл өгнө үү гэж хүссэн. Учир нь энэ бол шударга бус өрсөлдөөн болж байна. Зарим эх сурвалж Турк улс зөвхөн “Туркиш Эйрлайнс”-ыг нисгэнэ гэсэн мэдээлэл гаргасан нь ташаа мэдээлэл юм. Бид өнөөдрийг хүртэл Монголоос Турк улс руу тусгай нислэг үйлдэх хүсэлт ирүүлэхэд бид хэзээ ч татгалзсан хариулт өгч байгаагүй. Тиймээс дээр дурдсан буруу ойлголтыг залруулахаар би холбогдох албаныхантай уулзаж байна. Харин дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улс руу ирэх хүсэлтэй байгаа хүмүүсийг зөөхийн зэрэгцээ ачаа тээвэрлэх нислэг үйлдэж байгаа бол аль аль орны агаарын тээврийн компаниудад эрх тэгш боломж олгох ёстой гэж харж байгаа. Бид энэхүү нислэгийн зөвшөөрлийг хүсэхдээ Монгол Улсад одоо үйлчилж буй дүрэм, журмуудыг өөрчилж өгөөчээ гэдэг ямар нэгэн зүйл огт дурдаагүй. Бид Монгол Улсыг эрсдэлд оруулах хүсэлт, санал хэзээ ч хийхгүй.


-БНТУ хэдэн улс руу хуваарьт нислэг үйлдэж байна вэ?


-Миний мэдэж байгаагаар Истанбулаас дэлхийн 50 гаруй орон руу хуваарьт нислэг үйлдэж эхлээд байна. Тухайлбал, БНХАУ руу 7 хоногт 1 удаа нислэг үйлдэж байгаа. Нислэг үйлдэхдээ хүссэн хүн бүрийг зөөнө гэсэн биш. Тухайлбал, Монголын талаас тусгаарлах байрны хүрэлцээ зэргээсээ шалтгаалаад нэг нислэгээр 100 хүн л авах шаардлага тавьж болно. 7 хоногт 1 удаа эсхүл 2 долоо хоногт 1 удаа нислэг үйлдэнэ гэсэн шаардлага ч тавьж болно. Зарим улс орон тухайн нислэгээр ирж буй бүх хүн коронавирусний шинжилгээ өгсөн байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. “Туркиш Эйрлайнс”-т зөвшөөрөл өгөөд нислэг үйлдвэл бид нислэгээр ирэх хүмүүсийн нэрсийг Монгол Улсын онцгой комисст ирүүлэх болно. Эцсийн шийдвэрийг Монгол Улсын онцгой комисс гаргана. Хуваарьт нислэгээр Санфранцискогоос Истанбулаар дамжаад Улаанбаатар руу ирэхэд тасалбарын үнэ 800 орчим ам.доллар юм билээ. Одоо бол Истанбулаас тусгай нислэгээр ирэхэд 700-750 ам.доллар. Тэгэхээр тусгай нислэгийн тасалбарын үнэ угаас өндөр байдгийг би саяхан мэдсэн. Хоёр орны хооронд карго ачаа тээвэрлэх боломж мөн хомс байгаа бөгөөд энэ нь тун асуудалтай байгаа. ЭСЯ шаардлагатай зүйлсээ карго компаниудаар дамжуулан авахад 2-3 сар зарцуулж байна. Түүнчлэн Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад ч удаашралтай байгаа гэдгийг сонссон. Монгол Улс тогтмол хуваарьт нислэгээ зөвхөн Турк улс руу ч биш бусад орон руу ч нислэг үйлдэх боломжтой. Ингэснээр дээрх тулгамдсан асуудал шийдэгдэнэ.


-Хуваарьт нислэг үйлдсэнээр тасалбарын үнэ тусгай нислэгийнхээс хэдэн хувиар бага байх вэ?


-Хуваарьт нислэг үйлдэхэд хүмүүс 1-2 сарын өмнө тасалбараа захиалах боломжтой байдаг. Авиа компаниуд ч суудлын багтаамжаа хараад үнээ өөрчлөх, карго ачааны боломжуудаа ч мөн тооцдог. Харин тусгай нислэгийг төлөвлөхөд авиа компаниудад их хүндрэлтэй. Нэг л үйлдэх нислэг учраас хэр их зорчигчтой байх нь тодорхойгүй, хэт их тасалбарын захиалга ирэх, эсхүл тасалбараа буцаах зэрэг асуудал их. Төлөвлөхөд хэцүү, зардал өндөр учир тусгай нислэгийн тасалбар өндөр үнэтэй.


-БНТУ-аас нутаг буцах хүсэлтэй хэдэн Монгол иргэн байгаа вэ?


-Манай улсад Монголын 6000 гаруй иргэн бий гэж сонссон. Халдвар анх дэгдэхэд 800 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргаж байсан. Тухайн үед монголчуудын ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотой. Одоо аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж буй тул нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо цөөрсөн бөгөөд 300 орчим бий гэдэг мэдээллийг Турк дахь Монгол иргэдийн холбооноос авсан. Гэхдээ энэ бол албан бус мэдээлэл. Тусгай нислэгийн товыг зарласан тохиолдолд ирэх хүсэлтэй хүмүүсийн тоо баттай гарах байх.


-Европын оронд байгаа иргэд Истанбулаар дамжин нутаг буцахад Турк улс хил, гааль дээрээ ямар дүрэм журам баримталж байна вэ?


-Турк улсад өдөрт 2500 орчим хүн шинээр коронавирусээр халдварлаж байна. Гэхдээ эмнэлгүүдийн ачаалал хэтрээгүй. Эмнэлгүүдэд одоог хүртэл ор байгаа төдийгүй эдгээр бүх хүмүүсийг эмчлэх бүрэн боломж бий. Амьдрал хэвийн үргэлж байгаа бөгөөд хориг байхгүй. Одоогоор зай барих, амны хаалт зүүх, эрүүл ахуйг чандлан сахих зэрэг дэглэм баримталж байгаа бөгөөд шаардлагатай үед илүү шийдвэр гаргах болно. Монгол иргэд Турк улсад зорчиход тодорхой хязгаарлалт, шаардлага байхгүй. Гэхдээ бүх хилийн боомтод зорчигчдын халууныг үзэж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулж, вирус илэрсэн тохиолдолд эмчилж байгаа.

Холбоотой мэдээ