Хонконгт зайнаас харилцах дүрэм журмыг дахин долоо хоногоор сунгана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-10 14:09:05

ХОНКОНГ. /Xinhua/. COVID-19” халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд зайнаас харилцах дүрэм журмыг дахин долоо хоногоор сунгалаа гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүний орлогч Мэтью Чюн өнөөдөр мэдээлжээ.


М.Чюны мэдээлснээр, Хонконгт хаанаас халдвар авсан нь тодорхойгүй шинэ тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байгаагаас гадна дотоодод халдварласан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Мөн тэрбээр цар тахал дахин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжтэй байхыг олон нийтэд уриалсан байна.


Хонконгт энэ сард гурван арга хэмжээг танилцуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь “Leave Home Safe” нэртэй ойрын хавьтлыг тогтоох гар утасны хавсралт юм. Үүгээр дамжуулан оршин суугчдын очсон газруудын мэдээллийг хадгалснаар халдварын батлагдсан тохиолдлуудтай ойр байсан хүмүүсийг илрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх ажээ.


Мөн Гуандун муж болон Макаогоос ирсэн Хонконгийн оршин суугчид тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд 14 хоног тусгаарлагдах шаардлагагүй болгох, Сингапуртай хоёр талын агаарын тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээхээр төлөвлөжээ. Хонконгт өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 5380 тохиолдол бүртгэгдэж, 107 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ