"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд МОНЦАМЭ агентлаг мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-10 13:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн дарга МУСГЗ Б.Ганчимэг "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв.


Тэрбээр, "Харийн дарангуйлалд туйлдсан Монгол орон, Монголын ард түмнийг сэрээж, эх орончдын дуу хоолой болон тэртээ 1920 оны 11 дүгээр сарын 10-нд анхны дугаараа гаргасан Монголын тогтмол хэвлэл “Монголын үнэн” сонины түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тус сонины нийт хамт олонд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олноос халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


“Монголын үнэн” сонины өнгөрсөн 100 жилийн түүх бол Монгол Улсын төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарын түүх билээ. Ийм түүхийг 100 жил тасралтгүй бичсэн тогтмол хэвлэл “Монголын үнэн” сониноос өөр байхгүй нь манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын бахархал юм.


Өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж буй “Монголын үнэн” сонин болон ирэх 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх МОНЦАМЭ агентлагт өнгөрсөн зууны 70 гаруй жилд нягт хамтран ажиллаж, нэгэн үйл хэргийн төлөө санаа зорилгоо нэгтгэж явсан бахархам түүх бий. МОНЦАМЭ агентлагийн бэлтгэсэн дотоод, гадаад мэдээ, тойм 1990-ээд оныг хүртэл “Монголын үнэн” сонины мэдээ, нийтлэлийн зохих хувийг бүрдүүлж ирсэн байдаг. Энэ агуулгаараа “Монголын үнэн” сонин, МОНЦАМЭ агентлаг бол ах дүүсийн барилдлагатай, хэвлэл мэдээллийн салбартаа хамгийн олон жил хамтын ажиллагаагаа уялдуулж ажилласан байгууллагууд билээ. Та бүхний 100 жилийн баялаг түүхээр бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын хамтын ажиллагаа шинэ агуулгаар улам баяжина хэмээн итгэж байна.


“Монголын үнэн” сонин ирэх он жилүүдэд ч Монгол Улсын түүхийг үргэлжлүүлэн бичиж, хэвлэл мэдээллийн салбар дахь анхдагч, манлайлагчийн нэг хэвээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.

Холбоотой мэдээ