ХААИС-ийн гүнзгийрүүлсэн сургалтыг ахлах ангийнханд заана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-10 12:22:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит бүрэн дунд сургуулийн ахлах ангид ХААИС-ийн харъяа хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү ажлын эхлэл хамтран ажиллах санамж бичгийг Хутаг-Өндөр сумын Засаг даргын орлогч Ж.Ууганбаяр, Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн захирал Д.Ган-Эрдэнэ, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Гүрбазар, “Хөдөөгийн шинэчлэл, хөгжлийн түншлэл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ч.Батцэцэг нар байгууллаа.

- Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар манай сургууль ХААИС-ийн харъяа лицей сургууль болон өргөжин хөгжих боломжтой боллоо. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн төрөлжсөн амьдралын ухааны жишиг бүрэн дунд сургууль болох алсын хараатайгаар сургуулиа хөгжүүлнэ гэж сумын сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ ярилаа. Тус сумын хүн амын 60-80 хувь нь хөдөө аж ахуйн салбараас шууд болон шууд бусаар хамааралтай бөгөөд сүүлийн арван жилд малын тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Гэтэл бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, малын ашиг шим буурч, эдийн засгийн хувьд хүндрэл учруулж болзошгүй нөхцөлтэй байна гэж мэргэжилтнүүд үздэг. Цаашид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд байгалийн нөөцийг зохистой ашиглах, ашиг шим өндөртэй мал аж ахуй эрхлэхэд мэргэжлийн боловсон хүчин, тэдний залгамж холбоо чухал байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлийн мэдлэгийг ахлах ангийн сурагчдад заах чухал байгаа аж. Ялангуяа хүүхэд залуучуудыг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр төрөлжүүлэн сонгон суралцах боломжийг олгох үүднээс суманд их сургуулийн гүнзрүүлсэн сургалт хийх боломжийг бий болгож байна. 

Холбоотой мэдээ